Хонконгийн цагдаа нар жагсагчдын эсрэг галт зэвсэг хэрэглэжээ

Хятадын томоохон баяр буюу БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярын үеэр Хонконгт эсэргүүцлийн томоохон арга хэмжээ боллоо. Эсэргүүцлийн үеэр нэгэн цагдаа жагсагчид руу анх удаа байлдааны зэвсэг ашигласан байна. Үүнтэй холбогдуулан Европын холбооноос хүчирхийллээ намжаахыг уриаллаа.

Нэгэн эсэргүүцэгч шархадсаныг Хонконгийн цагдаагийн газраас баталсан байна. Эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн Франс пресс агентлагийн мэдээлснээр нэгэн цагдаа рүү Чюнвань дүүрэг дайрснаас хойш цагдаа галт зэвсэг хэрэглэсэн гэнэ.

Шархадсан хүний биеийн байдал маш хүнд байна. ВВС-гийн мэдээлснээр бол энэ нь 18 настай сурагч байсан гэнэ. ВВС-гийн сурвалжлагч Грэйс Цой түүний ангийн хүүхдүүдийн нэгэнтэй нь ярилцахад “Бид түүний биеийн байдал ямар байгааг огт мэдэхгүй байна. Гэхдээ бид энэ бичлэгийг үзсэн. Үнэхээр аймшигтай байсан” гэж хэлжээ.

Интернэтэд цацагдсан тэрхүү бичлэгээс харахад нэгэн жагсагч газар хэвтэж, эмнэлэгт хүргэж өгөхийг гуйж байжээ. Өөр нэгэн бичлэг дээр хоёр хүний хооронд мөргөлдөөн гарсны нэг нь цагдаагийн хувцастай байсан нь харагдаж байсан аж. ВВС-гээс эдгээр бичлэгийг бодит эсэхийг тодруулж чадаагүй юм.

Хятадын бусад хэсэгт БНХАУ-ын ойг тэмдэглэн баярлаж байх зуурт Хонконгт мягмар гарагт эсэргүүцэгчид гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлжээ. Жагсагчид энэ өдрийг “Уй гашуудалт өдөр” гэж нэрлэсэн байна. Энэ өдөр хотын гудамжинд мөргөлдөөн гарч, эсэргүүцэгчид шатдаг шингэн, цагдаа нар нулимс асгаруулагч хий, усан буу ашиглан мөргөлдөөн үүсгэжээ.

Энэхүү мөргөлдөөний дараа эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн тоо 30-д хүрчээ. Одоогоор хоёр эсэргүүцэгчийн биеийн байдал маш хүнд байна.

Европын холбооноос талуудыг аль болох тайван байж, гудамжны хүчирхийллээ зогсоохыг уриалсан юм.

Мягмар гарагт Бээжинд цэргийн томоохон парад болж, Си Жиньпин автономит бүсүүддээ хөгжил цэцэглэлтийг амлаж байх зуурт Хонконгт метроны 15 станц үүдээ барьж, олон худалдааны төв ажилласангүй. Түүнчлэн гудамжинд нь 6000 цагдаа байршуулсан аж.

Хонконгт өнгөрсөн амралтын өдөр ч эсэргүүцлийн арга хэмжээ үргэлжилсэн. Ардчиллаа хамгаалах цуврал эсэргүүцэл өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн үргэлжилж байгаа бөгөөд нийт 17 долоо хоног болж байгаа билээ.