20 мянган иргэний тэтгэврийг 50 мянгаар төгрөгөөр нэмнэ

ХНХ-ын сайд С.Чинзориг өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, багш нарын цалинг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар болон 2020 оны  Төсвийн тухай хуулийн төсөлд нийгмийн суурь үйлчилгээнд чиглэсэн ямар саналууд тусгасан талаараа танилцууллаа.

Ингэхдээ “Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 1995 оноос хойш төлж чадаагүй байсан тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлж, 2020 оноос тэтгэвэр авах боломж олгох болон хүүхдээ асарч байгаа эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлээ  төлөх үүргийг хөнгөлөх, ахмадуудын тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалинг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэхээр болсон” гэв. Түүнчлэн боловсролын үйлчилгээний эрэлт, нийлүүлэлтийг зохистой түвшинд байлгах зорилгоор мэргэжлийн боловсролын сургалтын төвд суралцагчид 2019 оноос олгож эхэлсэн 100 мянган төгрөгийн тэтгэлгийг хоёр дахин нэмэгдүүлж 200 мянган төгрөгт хүргэхээр болсон. Мөн 2012 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан цэцэрлэгийн хүүхдийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн Үдийн цай хөтөлбөр болон дотуур байрын хоолны зардлыг 50 хувиар нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний тарифыг ижил тогтоож, нэмэгдүүлэх, эмнэлгийн бие даасан байдлыг хангах зэргээр эрүүл мэндийн салбарт өрсөлдөөн бий болгож эмчилгээний тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх тухай тусгасан талаар танилцуулсан юм.

Одоогоор Монгол Улсын тэтгэврийн хэмжээ 323 мянган төгрөг байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс энэ хэмжээг 500 мянган төгрөгт хүргэх тухай санал гаргаад буй. Тэгвэл энэ талаар салбарын сайд “Тэтгэврийн хэмжээг тогтооход  ажилласан жил, авдаг цалингаас хамаардаг. Тэгэхээр энэ хэмжээг шууд нэг удаагийн нэмэгдлээр 500 мянган төгрөг болгохоор хөдөлмөрийн үнэлэмж буурах эрсдэлтэй. Мөн төсөвт асар их хэмжээний дарамт учирна” гэлээ.

Үүнээс гадна тэрбээр, 20 мянган иргэний тэтгэврийг 50 мянгаар төгрөгөөр нэмэх тухай дурдав. Өөрөөр хэлбэл, 1991 оны Тэтгэврийн хуулиар тэтгэвэрт гарах насанд хүрээгүй ч дөрвөөс дээш хүүхэдтэй эхчүүд, улсад 27-гоос дээш жил ажилласан эмэгтэйчүүд, улсад 32-оос дээш жил ажилласан, 55 насанд хүрсэн эрэгтэйчүүд тэтгэвэрт гарсан билээ. Улмаар дараа нь гарсан бусад хууль тогтоомжоор нөхөн олговор, хувь тэнцүүлсэн тэтгэвэр авах болсон ч тэтгэврийн хэмжээ нь харьцангуй бага тогтоогдсоор ирсэн юм. Тухайлбал, 1997 оны хоёрдугаар сараас өмнө хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдийн 87.5 хувь нь 2018 оны улсын дундаж тэтгэврээс бага тэтгэвэр авч байна. Тиймээс эдгээр эхчүүдийн тэтгэврийг дор хаяж бүрэн тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэх гэнэ. Үүнд өмнө дурдсанчлан 20 мянган иргэн байгаа аж.