2020 оны төсвийн орлогыг 11.7, зарлагыг 13.8 их наяд байна гэж тооцжээ

Засгийн газар төсвийн төслөө аравдугаар сарын 1-ний дотор УИХ-д өргөн барих хуулийн зохицуулалттай. Үүнтэй холбогдуулан Засгийн газар сүүлийн гурван удаагийн хуралдаанаараа 2020 оны төсвөө хэлэлцсэн. Өнөөдөр сүүлийн удаа хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн барихаар болжээ. 

2019 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт сэргэж 7.3 хувьд хүрсэн.  Зэсээс бусад голлох ашигт малтмалын үнэ тогтвортой  байж уул уурхай, түүнийг дагасан бусад салбарын өсөлт, аж ахуй нэгжүүдийн борлуулалт ашигт ажиллагаа нэмэгдсэн болон татвар гаалийн шинэчлэл, газрын төлбөрийг бүрэн хураах чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулсны дүнд 2020 онд төвлөрүүлэхээр төлөвлөсөн төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс давна гэж тооцжээ. Улмаар 2020 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлэсн орлогын хэмжээг 11 их наяд 797.8 тэрбум төгрөг, буюу ДНБ-ий 29 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 13 их наяд 872.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.1 хувь байхаар тооцсон байна. Тодруулбал, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2,074.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувийн алдагдалтай байхаар тооцжээ.