Архангай аймгийн дараагийн “дарга” хэн бэ

Ажлаа авсан цагаасаа л шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарсаар ирсэн Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасанг огцруулах асуудал яригдаж эхэлжээ. Тус аймгийн АН-ын зүгээс ИТХ-ын ээлжит бус хурлыг хуралдуулан, огцруулах асуудлыг хэлэлцүүлэх саналыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан байна.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурал өнөөдөр болж буй (2019.09.18) аж. Одоогоор хурлаас тодорхой шийдвэр гараагүй ч ээлжит бус хурал хуралдуулахаар тогтвол дараагийн Засаг даргын асуудал сөхөгдөх юм.

Одоогоор дараагийн Засаг даргад тус аймгийн МАН-аас Д.Мөнхбат, С.Эрдэнэбазар нарын нэр яригдаж байгаа юм байна.

Ардчилсан намын бүлгийн хувьд Засаг дарга Н.Мөнхнасанг Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэр “Шоронгийн ам” гэдэг газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгосон гэх үндэслэлээр огцруулах санал гаргажээ. Тодруулбал, Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр 2018 оны дөрөвдүгээр сарын 18-нд ИТХ нь хуралдаагүй байхад, “Газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудал хэлэлцсэн” хэмээн хуурамч тогтоол гаргаж, улмаар аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан хурал болоогүй гэдгийг мэдсээр байж дөрөвдүгээр сарын 19-нд уг хуурамч тогтоолыг АМГТГ-т хүргүүлж, Цэнхэр сумын нутаг Шоронгийн ам нэртэй газарт 4.75 га газрыг бичил уурхайгаар ашиглах боломжтой гэж дүгнэлт гаргасан нь огцруулах үндэслэл хэмээж, энэ  асуудал бүтэн жил гаруй хугацаанд хэвлэлээр бичигдэж байгаа юм.

Түүнчлэн төсвийн мөнгөөр гадаадад аялсан, хүн зодож гэмтээсэн, төрийн алба хаагчдыг үндэслэлгүй халсан, албаны машинаа унаж яваад осол аваар гаргасан зэрэг асуудал даргын ажлаа авснаас эхлэн дагасаар буй. 

З.Хүслэн