Арабын нэгдсэн Эмират, Беларусьд Элчин сайдын яамаа нээнэ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби, Бүгд найрамдах Беларусь улсын нийслэл Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам, БНХАУ-ын Манжуур хотод Консулын газар нээн ажиллуулах тухай тогтоолын төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьжээ.

Арабын нэгдсэн Эмират улсад Элчин сайдын яам байгуулснаар булангийн орнуудтай худалдаа, эдийн засгийг өргөжүүлэх, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авах, Абу Дабигийн хөгжлийн сан, Абу Дабигийн хөрөнгө оруулалтын газар зэрэг санхүүгийн байгууллагуудтай шууд холбоо тогтоон, хамтран ажиллах нөхцөл бүрдэнэ гэдгийг Гадаад харилцааны сайд онцолсон байна.

Харин Беларусь улсад Элчин сайдын яам байгуулснаар Евразийн эдийн засгийн холбооны гишүүн, Ази Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн гол зангилаа болсон Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн түншлэлийг хөгжүүлнэ гэж төлөвлөжээ. Мөн манай улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг дэмжихэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхийн зэрэгцээ хил, гааль, худалдааны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, бараа эргэлтийг сайжруулах, Брестийн боомтоор дамжин манай улсад ирж буй ачаа, тээврийн үнэ тарифыг бууруулах чиглэлээр үр дүнтэй ажиллах нөхцөл бүрдэнэ гэдгийг Д.Цогтбаатар сайд хэлжээ. 

Манжуур хотод Консулын газар нээснээр Сүмбэр-Рашаан, Хавирга-Ар хашаат, Баянхошуу-Өвдөг, Ханги-Мандал боомтуудаар зорчиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд Консулын үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх боломжтой бүрдэх нь. Абу Даби, Минск дэх Элчин сайдын яам, Манжуур дахь Консулын газрыг тус бүр гурван орон тоотой байхаар төлөвлөж, зардлыг тооцсон бөгөөд Минск дэх Элчин сайдын яам, Манжуур дахь Консулын газрын санхүүжилтийг 2019 оны төсөвт суулгажээ.