ДОРНОД: Эко автобус сурагчдад үйлчилж эхэллээ

Дорнод аймгийн Ерөнхий боловсролын зарим сургуулиудад Монгол инженерүүдийн угсарсан сурагчийн эко автобуснуудыг хүлээлгэн өглөө. Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Хэрлэн сумын Хан-Уул цогцолбор сургууль, Шинэ хөгжил цогцолбор сургууль, Баянтүмэн сумын Орон нутгийн өмчит газарт сурагчийн эко автобусыг өчигдөр /2019.09.16/ аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, тус багуудаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид болон холбогдох байгууллагын удирдлагууд хүлээлгэн өгсөн юм.

Тус эко автобусаар сургуулиас алслагдсан холоос хичээлдээ явдаг хүүхдүүдийг тээвэрлэх зориулалттай бөгөөд 14 хүний суудалтай юм. Мөн Сурагчийн эко автобусыг "Монгол машин индустриал" ХХК-д үйлдвэрлэсэн бөгөөд сургуулийн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 40 км цагаас дээш хурдалдаггүй, таван цаг цэнэглэхэд нэг дүүрэн цэнэгээрээ 80-100 км явах хүчин чадалтай, цахилгаанаар явдаг юм. Тус автобусыг барих жолооч нарыг сонгон шалгаруулж, үйлдвэр дээр нь авто техникийн сургалтад хамруулсан бөгөөд батлагдсан маршрутаар цагийн хуваарийн дагуу зөвхөн сурагчдад үйлчилгээ үзүүлэх юм.