2020 онд цалин, тэтгэврийг нэмэх боломж бүрдэнэ

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг өнөөдөр /2019.09.16/ Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Энэ сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжлэх энэхүү нээлттэй өдөрлөгийг нээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр "Төрийн албан хаагчдын цалин, хөлсийг үе шаттайгаар нэмэх шийдвэр гаргасны үр дүнд багш, эмч нарын цалин өнгөрсөн онд 30 орчим хувиар нэмэгдсэн. Бусад албан хаагчдын цалин ч 10 хувиар нэмэгдсэн.

Ирэх 2020 онд цалин, тэтгэврийг нэмнэ. Инфляцынхаа түвшинтэй уялдуулж ийм боломж, бололцоо улсад маань гарч байна. Эдийн засгийн өсөлтийг хангаж, ард түмэндээ цалин, тэтгэврийг нэмнэ гэсэн бодлого барьж ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас боловсрол, эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч байна. Монгол хүнийг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах, сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд анхаарал хандуулж ажиллаж байна. Улсын хэмжээнд 2016-2018 онд 44 сургууль, 72 цэцэрлэг шинээр барьж ашиглалтад хүлээлгэж өгсөн. Энэ онд 48 сургууль, 93 цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүний үр дүнд сургуулийн өмнөх боловсролын хамралт 88.1 хувьд хүрнэ" хэмээн онцоллоо.

              

Энэхүү нээлттэй өдөрлөгөөр өнөөдөр Иргэд олон нийттэй харилцах төв иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах, хөрөнгө оруулагчдад нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, татвар төлөгч иргэний бүртгэлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах, автомашины дугаар олгох, шилжүүлэх, татварын өр, тооцоотой эсэх тодорхойлолт гаргах, ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулах болон барилгын зураг хянуулах хүсэлт хүлээн авах, мал амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гэрчилгээ, мэдэгдлийг судлан газар дээр нь олгох, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалт хийх, стандартын сургалтын бүртгэл явуулж байна.   

Төрийн банк үнэгүй данс, карт нээж өгч, Гялс банкны үйлчилгээ үзүүлэх бол “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК үнэт цаасны эзэмшил, өмчлөх эрх, бүртгэл, компаниудын ногдол ашиг, хувь тараах талаар  мэдээлэл өгөх юм байна.“Монголын хөрөнгийн бирж” ХХК “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, ягаан, цэнхэр тасалбар, ногдол ашиг зэрэгтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгч, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авна. Зээлийн батлан даалтын сан, малын индексжүүлсэн даатгал, бусад төрлийн даатгал болон “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл”, “Хөгжлийн хөтөч, дэд бутэц төсөл”, “Тогтвортой амьжиргаа-3 төсөл”, “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”, Бичил санхүүгийн хөгжил төсөл”, “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл” зэрэг төслийн талаар танилцуулах юм. Цаашид яам, агентлагууд хуваарьт өдрөө ажлаа тайлагнахаас гадна иргэдэд төрийн зарим үйлчилгээ үзүүлж байна.