Эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Эссэн хотын орлогч дарга Петр Рензелийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Чинзориг, Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн захирал Ц.Пүрэвдаш, Төслийн эмнэлгийн эрүүл ахуйн холбооны дэд ерөнхийлөгч, Хукомед компанийн халдварын хяналт сэргийлэлтийн дарга Волтер Попп, Эссэн хотын Яаралтай түргэн тусламжийн халдварт өвчний тасгийн дарга Иорг Шпросс, Хукомед компанийн микробиологийн лабораторийн эрхлэгч Михайл Россбург болон холбогдох албаныхан оролцов.    

Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Улаанбаатар хот болон ХБНГУ-ын Эссэн хотууд 2012 онд хэлэлцээр байгуулж, хамтран ажиллаж эхэлсэн. Уг хэлэлцээрийн хүрээнд Монголын эрүүл мэндийн байгууллагаас 130 гаруй эмч, сувилагч Герман улсыг зорьж ажлын туршлага солилцсон. Мөн жилдээ 4-5 удаа Герман эмч, сувилагчид Монголд ирж зөвлөгөө өгч хамтран ажиллаж байгааг уулзалтаар талууд онцлон ярилцлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж буй ажлууд жил ирэх тусам өргөжин тэлж байгаад баяртай байна. Мөн энэ оноос хамтын ажиллагааныхаа хүрээг боловсролын салбараар өргөжүүлэхээр болсонд таатай байна. Цаашдаа бид иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах энэ төслийн үр дүнг илүү амжилттай болгохын тулд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бүх талаар нээлттэй байх болно” хэмээлээ.

“Өнгөрсөн хугацаанд эмнэлгүүдийн халдваргүйжүүлэлт, яаралтай түргэн тусламжийн эмч нарыг бэлтгэхэд анхаарч ажилласан. Цаашдаа эмч, эмнэлгийн ажилчдын сургалтын талд төвлөрч ажиллах сонирхолтой байна” гэж Герман улсын Эссэн хотын орлогч дарга Петр Рензел ярилаа.

Уулзалтын төгсгөлд талууд хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлж, хамтран ажиллахаар санал нэгдсэн юм.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс