Гадаад орон цаашаа, зөвхөн Монголд юу байна...

Урин дулааны улирал эхэлж, удвал ягаан цэцэгс дэлгэрчээ. Хөнгөн, нимгэн улирал эхэлсэн болоод ч тэр үү хөл, гарт хий ороод нэг л тогтохгүй нь ээ.   

“Гараад ир, гараад ир

Гадаа чинь гадаад орон шиг байна шүү дээ” гээд л реппер Цэцэ, Ука нарын дууг дагаж аялаад хаашаа ч юм гараад шидчихмээр. Үнэндээ, Монголын зун бол гадаад орон цаашаа шүү. Дэгжин хувцсаа өмсөөд дэлхийн хэмжээний эвентүүд ч очиж болно. Дургүй хүрвэл хөдөө гараад давхичихна. Ингээд л их хотын хөл хөдөлгөөн, анир чимээнээс тасран одож, гүн цэнхэр тэнгэрийн доор хязгааргүйд уусан одож, жаргана шүү дээ. Монголоос өөр хаана ч ийм догшин салхи мэдэрч, цэвэр агаараар уушги цээжээ дүүртэл амьсгалахгүй шүү. Хаашаа л харна хана тулаад гэдэг шиг. Хэцүү шүү дээ. Гэхдээ дан ганц салхи амьсгалаад л яваад байдаг гэвэл эндүүрэл юм.

Өндөр уулс, өргөн чөлөө, ногоон тал, цэнхэр тэнгэр, их тайга, уул хөвч, ус нурууд холилдон сүндэрлэсэн, ийм их эрх чөлөөтэй, тийм их амар амгаланг мэдрүүлсэн байгалийн үзэсгэлэнг нүдээр үзэж, биеэр туулна. Нээрэн, ямар их хувь заяагаар бид  эзэн болж төрөө вэ. Бичих төдийд л бахархал төрөх юм, Монгол минь.

Саяхны нэг өдөр Германд байдаг эгч маань хоёр Герман найз нь Монгол руу аялахыг хүсч байгаа тухай хэллээ. “Хамгийн гоё гэсэн газрууд нь л хэрэгтэй байна, аяллын компаниудын цаанаас нь “зоочихсон” нэг тийм хөшүүн, цагт баригдсан маршрут биш. Яг л Монголд очоод сэтгэгдэл өндөр буцах, үзээгүй юмаа үзэж нүдээ бүлтийлгэж болох газруудаар нь аялуулмаар байна” гэж аминчлан гуйв. Эгчийн хоёр найз дэлхийн 20 орчим улс орноор аялчихсан нэлээд “юм үзсэн толгой”-нууд гэнэ. Тиймээс тэдэнд гайхалтай хөтөлбөр хэрэгтэй гэв.

Тэд Монголыг ихэд сонирхжээ. Олон улсын “Форбес” сэтгүүлд 2019 оны заавал аялах хамгийн нууцлаг, жинхэнэ “күүл” 10 газрын нэгээр Монгол орныг нэрлэсэн мэдээг ч олж уншжээ. Тус сэтгүүлд “Монгол орны хязгааргүй уужим тал нутаг, сэтгэл хөдөлгөм үзэсгэлэнт байгаль болон нүүдэлчдийн элэгсэг дотно соёл зочид гийчдийн сэтгэлийг эзэмдэнэ” гэдгийг тодотгон бичсэн байв.

Ингэж сэтгэгдэл өндөр, баяр хөөртэй байгаа хүмүүсийг 200 хувийн сэтгэгдэлтэй буцаах үүрэг авч, Монголынхоо хамаг сайхныг эргэцүүлсэн нь энэ юм.

1.    Улаанбаатар хотын аялал

Аялагчдыг шууд хөдөө аваад гарна гэж үгүй. Тэд “Буянт Ухаа” нисэх онгоцны буудалд газардана. Буумагцаа гайхах нь гарцаагүй. Өндөр хөгжилтэй олон орноор аялж, олон улсын шил толь нь гялалзсан, тохилог нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж байсан болов уу. Манай нисэх онгоцны буудал ч... За яахав дээ, өөдрөг монгол шүү дээ. Тун удахгүй Хөшигтийн хөндийд олон улсын стандартад нийцэхүйц “гоёо” нисэх буудал ашиглалтад орох гэж байгаа юм чинь гээд л нүдээ аньчихъя. Ингээд нисэхээс хотын төв рүү ортол шулуухан, бушуухан давхиад хамгийн өндөр зэрэглэлийн буудалд байрлуулна даа. Хамгийн “сак” үйлчилгээтэй газруудад оройн зоог бариулж, хотыг ерөнхийд нь танилцуулж аваад амраах нь зөв гэж бодов. Гайгүй шүү, хэт их ялгаатай л хөгжөөд байгаа болохоос биш. Олон тансаг газрууд бий, бий.

За, ингээд Улаанбаатарт буусан зочдод бол “Цонжин болдог”, “Горхи-Тэрэлж"-ийн амралт, аялал жуулчлалын цогцолборыг үзүүлэхийн зэрэгцээ “Үндэсний түүхийн музей” болон шинэ, хуучны түүх өгүүлэх барилга байгууламж бүхий хотын гудамжийг танилцуулах нь зүйн хэрэг биз ээ.

2.    Гүүний айраг ба Хангай нутгийн аялал

Гүүний айраг бол Монголын дэлхийд үнэлэгдсэн хосгүй өв соёл. Уруул чимчгэнүүлсэн, исгэлэн ийм гайхалтай амтыг гаднын жуулчид дэлхийн өөр хаана ч амсаагүй гэдэгт итгэлтэй байна. Гашуун байсан ч Монголд зочилсон учраас амсах учиртай. Мэдээж, гүүний айргийг Булганы Могод, Сайхан сумын нутгаар аялж явах замдаа малчин айлаар зочилж, тэдний амьдрал ахуйтай танилцангаа уувал бүр янзтай. Малчид тун зочломтгой. Ирсэн зочдоо идээ ундаагаар дайлж, хууч дэлгэн угтдаг хүмүүс. Хэзээ ч нүүр улайлгахгүй түүх, соёлоо сурталчлагчид билээ. Ингэж хангай нутгийн замаар Хөвсгөл тийш явах замдаа малчны хотноо саатах зууртаа морь унаж, унага татаж, шинэхэн айраг амтлан, боломж гарвал үнээ саах зэргээр малчдын амьдрал ахуйтай танилцана гэдэг аяллын тэмдэглэлд тод мөр үлдээх дурсамж юм.

3.    Цаатан ахуй ба Хөвсгөл нуурын аялал

Дэлхийн хамгийн гүн, цэнгэг нуур Монголд бий. Үүнийг жуулчдад үзүүлэхгүй юм бол өөр юуг үзүүлнэ гэж. Нуурын дээгүүр моторт, дарвуулт, сэлүүрт завиар болон “Сүхбаатар” хөлөг онгоцоор аялж болно. Нуурын доторх амьдрал, хад, чулуу, загас жараахай, эгэл биетэн бүгд нүдний чинь өмнө зурайна. Яг л шил, толь шиг тунгалаг. Гайхалтай биш гэж үү. Ингээд нуурт аялсны дараа хөвч, тайгын аялал хийнэ. Тайга руу алхах юм уу машин, мотоциклоор эсвэл бүр мориор хүрсэн ч болно. Тайгад Монголын жижиг ястан болох цаатан ард түмэн жилийн дөрвөн улирлын турш цаа буга маллаж, амьдардаг. Үүнийг жуулчид ихэд сонирхдог. Тэдний өвөрмөц зан заншил болоод тайгын амьдралтай танилцаж, цаа буга унаж үзэх нь жуулчдын мөрөөдөл байдаг гэсэн шүү.

4.    Увс, Хяргас нуурын аялал

Монголын баруун хязгаар нутаг үнэхээр үзэсгэлэнтэй. Ялангуяа Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт орших Увс нуур. Энэ нуур бол Монголын хамгийн том нуур. 29 төрлийн загас, 362 зүйлийн нүүдлийн шувууд, 70 гаруй хөхтөн амьтан нутагладаг төдийгүй Төв Азийн хөндөгдөөгүй усны хагалбар гэгддэг. Тэрчлэн түүхэнд ул мөрөө үлдээсэн Хүннү, Түрэг, Скифүүдийн уугуул нутаг, 40000 гаруй түүх дурсгалыг агуулдаг тул “ЮНЕСКО”-ийн Дэлхийн өв соёлын жагсаалтад бүртгэгдсэн дархан цаазат газар юм.

Сүүлийн жилүүдэд хуримаа хийж буй хосууд болон дэлхийн фото аялагчид Увс нуурын үзэсгэлэнт байгалийг дурсамжийн хальснаа буулгахад дурлах болсон. Тус нуурыг эрэг орчмын үзэсгэлэн, сүрлэг хархирааг буулгасан бичлэг, зураг дэлхийн аялагчдын цахим хуудас болон нийгмийн сүлжээнд олон бий.

5.    Бүргэд ба Казак зоны аялал

Монголын баруун хязгаарын ястан үндэстэн, зон олны амьдрал яах аргагүй дэлхий нийтийн анхаарлыг татдаг. Монголын нүүдлийн соёл иргэншлийн дунд хадгалагдаж ирсэн энэхүү өвөрмөц зан заншлууд дэлхийн биет болон биет бус өвийн жагсаалтад бичигдсээр буй. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Казак түмний "Бүргэдийн баяр буюу Шувуучлахуй"-н уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэсэн.

Энэхүү ард түмний амьдрал ахуй болоод бүргэдээр ан хийх заншилтай танилцах, түүнийг судлах хүсэл туршлагатай жуулчдад ихэд сонирхолтой байдаг гэнэ лээ. Бидний танилууд ч энэ талаар ихэд сонирхож, гайхаж алмайрдаг. Тиймээс Увс нуурын дараагийн зогсоол нь Баян-Өлгийн Казак зоны аялал юм.

6.    Мөнх цаст Алтай таван богд мину

Ийнхүү баруун хязгаар нутгаас гарахын өмнө Баян-Өлгийн нутагт орших заавал очиж үзэх газрын нэг болох мөнх цаст хорьдол сарьдаг Алтай таван богд ууланд аялах юм. Алтай таван богд уул нь тус аймгийн Улаанхус сумын нутагт байрладаг ба  Монгол орны хамгийн өндөр уул, дээвэр цэг гэгддэг билээ. Түүний биологийн тогтоц төрөл зүйл нь Монголд байхгүй өвөрмөц гэж жуулчид ярьдаг. Энэ нь таван ноён оргилоос бүрддэгтэй нь холбоотой юм. Уулын ойр орчимд хэд хэдэн хүрхээ, мөсөн гол, нууртай бөгөөд сүг зургаар баялаг.

Ингээд цааш Өмнийн говийг чиглэн явах замдаа Говь-Алтай, Завхан, Сая, Хянганы уулсын сүрийг харж биширч аялна. Замын турш нүд хужирлан, сэтгэл сэргээж, уулга алдуулах үзэсгэлэнт байгаль хөвөрнө.

7.    Дуугардаг элс

Марко Поло Төв Азийн нутгаар жуулчилсан тухайгаа “Тэр цөлөөр шөнө аялах үед хэн нэг хүний яриа сонсогдох, олон хөгжмөөр зэрэг тоглох мэт авиа сонсогддог” хэмээн бичсэн байдаг. Дорноговь аймгийн өмнөд захын Дуут элс харахад ердийн нэг манхан, оройд нь гараад хярыг нь барьж явах үед хөлд өртөн нурах элс нь нисэх онгоц мэт хүнгэнэн дуугардаг. Энэхүү байгаль эхийн гайхамшигт хөгжмийг сонсч, чихээ баясгах хүсэл аялагч хүн бүрт бий. Монгол орныг зорин ирэх аялагчид ч Монголын говийг үзэхийг хүсдэгээ онцгойлон захидаг билээ.

Мөн өрнийн говиор аялахдаа алдарт “Цагаан суварга”-нд саатаж, алсын барааг тааваараа ширтэж, их говийн үзэмжийг тэндээс тольдоно.

Ийнхүү Герман жуулчны хэлсэн саналын дагуу Монгол орны гайхамшгийг цааснаа буулгав. Энэ бол зөвхөн баруун аймгуудын аялал. Зүүн болоод төвийн аймгуудад маш олон түүх дурсгалын газар, байгалийн үзэсгэлэнт цогцолбор хийгээд хүний гараар бүтээгээгүй байгаль эхийн яруу тансаг бүтээлүүд олон бий. Тэр бүхнийг цөөн хоног энд дурдсангүй. Гэсэн ч зөвхөн дээрх газруудыг үзсэн жуулчид “Эрдэнэ зуу хийдэд 10 мөргөсөнтэй тэнцэх хэмжээний буян хураана” биз ээ. J :P

 

Эх сурвалж: Four seasons melody magazine №62

П.Мөнхжаргал