Зөвхөн Ерөнхий сайд Улсын Их Хурлын гишүүн байна” гэсэн өөрчлөлт оруулахыг Ажлын хэсэг дэмжлээ

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн өнөөдөр болов.

Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Солтан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар ажиллаж байгаа юм.

Ажлын хэсгийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулагдсан зөвшилцлийн Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналтай холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ.

Зарчмын зөрүүтэй нийт 35 саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

 Тухайлбал, Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх заалтыг “Нам Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэж, мөн төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн дугаарыг “3” болгож “Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцэж, хөрөнгө, орлогын эх үүсвэр болон зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно” гэж тус тус өөрчлөн найруулахаар болов.

Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлд “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн агуулгатай 2 дахь заалтыг нэмэхээр болов. Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн төсөлдөө “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий тавин мянга нэгээс доошгүй тооны иргэн нэгдэж байгуулах”-аар тусгасан байсныг зөвшилцлийн явцад ингэж өөрчлөхөөр тохирсон юм байна.

Улсын Их Хурлын гишүүдийн өргөн мэдүүлсэн төслийн 1 дүгээр зүйлийн 4 дэх заалт буюу Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал дахь цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна. Байнгын болон бусад хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааг хуулиар тогтооно” гэснийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж ажлын хэсгийн гишүүдийн олонх нь үзлээ. Харин хянан шалгах түр хороо нь холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн, хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах бүрэн эрхтэй байх. Түр хороо нь дүгнэлт гаргаж, шаардлагатай бол тухайн асуудлыг эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлж болохоор төсөлд тусгагдсан байсныг хасахаар тогтсон юм.

Түүнчлэн байгалийн баялаг, өмчлөлтэй холбоотой төслийн 2 дугаар зүйл буюу Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан, одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, байгалийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж иргэн бүрт тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялаг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэж өөрчлөн найруулахаар боллоо.

Мөн төслийн 2 дугаар зүйлд буюу Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16 дахь заалтад “Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд ийм зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно” гэсэн агуулгатай 2 дахь өгүүлбэрийг нэмэхийг дэмжив. Энэ саналыг Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн төсөлдөө тусгаад байсан юм.

Ажлын хэсгийн саналаар төслийн 4 дүгээр зүйлд буюу Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “далан зургаа” гэснийг “ерэн ес” гэж, төслийн мөн зүйлийн 21.2, 24.2, 40.1, 59.3, 60.2 дахь хэсгийн “дөрвөн” гэснийг “таван” гэж гэж тус тус өөрчлөхөөр болов. Ингэснээр Улсын Их Хурлын гишүүдийн тоо 99, гишүүний бүрэн эрхийн хугацаа 5 жил болох юм. Энэ асуудлыг зөвшилцлийн ажлын хэсгийн хүрээнд ярилцаж тохирсон байна.

Мөн төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж өөрчлөн найруулахаар боллоо.

Түүнчлэн төслийн 4 дүгээр зүйл буюу Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно” гэж өөрчлөн найруулахыг гишүүдийн олонх нь дэмжив.

Харин гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төслийн 3 дугаар зүйлийн 7 дахь заалт буюу Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд Улсын Их Хурлын гишүүн байна” гэж өөрчлөн найруулахаар болов.

Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төслийн 1 дүгээр зүйлд “Шүүхийн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно” гэсэн агуулгатай Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийг нэмэхээр тогтлоо.

Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 6 дахь заалт буюу Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийг “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг тавыг шүүгчид дотроосоо сонгоно, нэгийг Засгийн газар, нэгийг мэргэжлийн холбооноос, гурвыг Улсын Их Хурлын  холбогдох Байнгын хорооноос тус тус нээлттэйгээр нэр дэвшүүлж, хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилно. Тэдгээр нь зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэж гишүүдийн саналаар өөрчлөн найруулахаар болов.

Төслийн 1 дүгээр зүйлийн 6 дахь заалт буюу Дөчин есдүгээр зүйлийн 6 дахь хэсгийг “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэж өөрчлөн найруулах санал дэмжигдлээ.

Харин нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төслийн 3 дугаар зүйлийн 11 дэх заалт буюу Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн төслийн 3 дугаар зүйлд “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан, тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэсэн агуулгатай 22 дахь заалтыг нэмэхийг ажлын хэсгийн гишүүд дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.