Түрээсийн орон сууцны цахим бүртгэлд 35058 хүн мэдээллээ бүртгүүлжээ

Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг “Буянт-Ухаа-2” 972 орон сууцны хороололд хамруулах цахим бүртгэл наймдугаар сарын 05-ны 00.00 цагт хаагдсан. Түрээсийн орон сууцны цахим бүртгэл хаагдаж, иргэдийн хувийн мэдээлэлтэй дөнгөж танилцаж эхэлж байгаа ч зарим иргэд бүртгэл дуусаад л шууд сонгон шалгаруулалтын хариу гарах юм шиг буруу ойлголттой байна гэдгийг хэлж байна. 

Тодруулбал, цахим бүртгэл өчигдөр дуусч, нийт 35 мянга 58 хүн мэдээллээ амжилттай бүртгүүлсэн гэсэн дүн гарчээ. “Буянт-Ухаа 2” 972 орон сууцны хороололд хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо байрныхаа тооноос хэд дахин давсан эрэлттэй байсан учраас “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах” шинэ журмыг батлуулж, найман ангилал тус бүрдээ ямар үзүүлэлтийг харгалзан үзэх шалгуурыг нэг бүрчлэн тусгасан аж. Жишээлбэл, залуу гэр бүл гэсэн ангилалд ам бүлийн тоо, нийгмийн даатгал төлсөн жилээр, гэр хорооллын агаарын чанарын ямар бүсэд амьдардаг, хүүхдийн тоо зэргийг харгалзан үзэж эрэмблэх юм байна. 

Тиймээс “Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцны 30 хувийг иргэдэд энгийн түрээс хэлбэрээр түрээсэлнэ. Өөрөөр хэлбэл энгийн түрээсийн 59 орон сууцанд залуу гэр бүлийг хамруулна гэнэ. Цахим бүртгэлийн хугацаанд энгийн түрээслэх орон сууцны хүсэлтийг нийт 361 залуу гэр бүл ирүүлжээ. Эдгээр ирүүлсэн хүсэлтийг л шалгуурын дагуу эрэмбэлж, 59 байранд хамруулах аж.

Түүнчлэн иргэдийн дийлэнх хувь нь буюу 87.8 хувь нь байраа түрээслээд өмчлөх хэлбэрийг сонгон бүртгүүлжээ. Тиймээс түрээслээд өмчлөх хэлбэрийг сонгон бүртгүүлсэн иргэдийн дунд өрсөлдөөн их байх нь ээ. Харин хувийн хэвшилд ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч гэсэн ангилалд хамгийн олон иргэн бүртгүүлсэн байна. Дараагаар нь өндөр настны тэтгэвэрт тогтоолгосон ахмад настан, төрийн албан хаагч гэсэн ангилалд иргэд олноор бүртгүүлж, хүсэлт ирүүлсэн.

Түрээсийн орон сууцны цахим бүртгэлийг нийслэлийн хэмжээнд анх удаа маш амжилттай зохион байгууллаа. Цахим бүртгэлийн үеэр ноцтой алдаа гарч, систем гацсангүй. Өнөөдрөөс эхлэн иргэдийн цахим бүртгэлд оруулсан мэдээллийн нягталж, хянаж байгаа талаар албаныхан дурджээ. 

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан “Орон сууц хуваарилах тусгай комисс” иргэдийн хүсэлттэй танилцаж, эрэмбэлнэ. Дараагаар нь найман ангилалд бүртгүүлсэн иргэддээ тэнцсэн, тэнцээгүй гэж мэдээлж, тэнцсэн бол эх материал бүрдүүлэхийг шаардана. Хэрвээ иргэн хувийн мэдээллээ худлаа бүртгүүлсэн бол хар жагсаалтад орно. Дээр жишээ авсан 59 байранд орох хүсэлтэй залуу гэр бүлийн хоёр нь худлаа мэдээллээр бүртгүүлсэн гэж үзвэл дараагийн 60, 61 дэх эрэмбэлэгдсэн хүмүүсийн материалыг хүлээн авах юм байна. Одоогоор түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн сонгон шалгаруулалт эхлэх цаг хугацааг хэлэхэд эрт байгаа гэв.