Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар малчны хотонд халуун яриа өрнүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Баянхонгор аймагт хоёр дахь өдрөө ажиллаж байна.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг ид өрнөж буй энэ цаг үед УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Жинст сумын хоёрдугаар багийн иргэдтэй уулзаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар халуун яриа өрнүүлэв.

Энэ үеэр иргэд байгалийн баялагтаа эзэн байх, түүнийг хэрхэн захиран зарцуулж буйг мэдэх эрхтэй байх, парламентын гишүүдийн “давхар дээл”-ийг тайлах, УИХ, Засгийн газар, шүүхийн сахилга хариуцлагын талаар ярилцаж, санал бодлоо илэрхийлж байлаа. Хамгийн онцгой анхаарал хандуулж байсан асуудал нь сумын Засаг даргыг ард иргэдээс сонгох тухай байсан юм. Эхний хэлэлцүүлгээр сумын Засаг даргаа ард иргэдээс сонгох нь зүйтэй. Харин багийн даргыг томилдог байхаар тусгасан. Багийн даргыг сонгодог нь “төрийн сонгууль биш төрлийн сонгууль” болдог гэсэн шүүмжлэл гараад удаж байна. Тиймээс багийн даргыг олон хамаатан садантай хүн нь гардаг сонгууль болж байгааг зогсоох үүднээс томилдог болох нь илүү оновчтой шийдэл болохыг малчид хэлж байсан юм. Томилогдсон багийн дарга нь төрийн төлөөлөгч болно гэсэн үг юм.

Харин сумын Засаг даргын тухайд орон нутгийн иргэд болгоомжлолтой хандаж байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, уул уурхайн нөөц баялагтай суманд гадны нөлөө, мөнгөний нөлөөгөөр сонгуулийн үр дүнг бусниулж, нутгийн зон олны хүсэл зоригийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг Засаг даргатай болчих вий гэсэн болгоомжлол байгаа юм. Төрийн нэгдмэл бодлогыг хэрэгжүүлэхээс илүүтэй жижиг ван, гүн шиг бие даасан сумтай болчих эрсдэл байгааг УИХ-ын дарга Г.Занданшатарт уламжилж байлаа.

Орон нутгийн удирдлагыг сонгох, томилох үйл ажиллагаанд иргэд хяналтаа тавих эрх зүйн боломжийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хийхийг зорьж буйг УИХ-ын дарга тайлбарлав. Ингэхдээ хуулийн хүрээнд ямар нөхцөл бүрдсэн тохиолдолд иргэд огцруулдаг болох механизмыг тодорхой тусгана гэлээ.  

Сумын Засаг даргыг нэр дэвшүүлэхдээ Сонгуулийн ерөнхий хороо, мөн аймгийн Засаг дарга зохион байгуулж, хэрэв мөнгөний сонгууль болсон нь нотлогдвол тухайн сонгуулийг хүчингүй болгох эрхийг нь дээрх хоёр субьектэд байлгана. Ингэвэл сумын иргэдийн сонгох эрх хууль эрх зүйн хүрээнд баталгаажих боломжтой болно. Сум засаг захиргааны үндсэн нэгж учраас ард иргэдийн санал дээр тулгуурласан бодлого, шийдвэрүүд гардаг байх ёстойг тэрбээр хэлсэн юм.

 Баянхонгор аймгийн Жинст сумын иргэд төр хүчтэй байхад Үндсэн хууль сайн байх хэрэгтэй. Ард түмнээрээ хэлэлцүүлэн санал бодлыг сонсож байгаад УИХ-ын даргад талархал илэрхийлээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд “долоо хэмжиж, нэг огтлох” зарчмыг барьж ажиллаж байна. Энэ өөрчлөлтийг улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэд дэмжиж байгаа. Санал асуулгын дүнгээр иргэдийн 75 орчим хувь нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах цаг нь болсон гэж үзсэн байсан. Гэхдээ иргэддээ хэлэхэд хуулийн төслүүдэд тусгасан доторх зүйл, заалт бүрийг нухацтай уншиж, судлахыг хүсэж байна. Энэ бүх зохицуулалтын цаана Монгол Улсын том эрх ашиг байгааг харах хэрэгтэй. Өөрчлөлтийг хийхийн тулд хүчээ нэгтгэж, хүн бүр сахилга хариуцлагыг ухамсарлаж оролцохыг уриалж байна” гэлээ.