Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх сарын 22-ныг хүртэл явагдана

2019-2020 оны хичээлийн жилд нийслэлд урьдчилсан байдлаар төрийн өмчийн 260 цэцэрлэгт 90 000 хүүхэд, төрийн бус өмчийн 454 цэцэрлэгт 33 000 гаруй хүүхэд, нийт 714 цэцэрлэгт 123 000 гаруй хүүхэд хамрагдах төлөвтэй байна.

3-5 настай хүүхдийг цэцэрлэгт бүртгүүлэхдээ хамран сургах тойргийн цэцэрлэг нь шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд бүртгүүлэх боломжтой. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд харъяа дүүргийнхээ Боловсролын хэлтэст хандаж хүүхдийнхээ регистрийн дугаараар цахимд бүртгүүлэх талаар нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл мэдээлэл өглөө.

Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх сарын 22-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулах юм байна.