Шадар сайд Ө.Энхтүвшин Болгарын Эдийн засгийн сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Болгар Улсын Эдийн засгийн сайд, Болгар-Монголын Засгийн газар хоорондын комиссын болгарын хэсгийн дарга Эмил Караниколов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хурлаар худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар хэлэлцэн, бодитой үр дүнд гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа Шадар сайд илэрхийлэв.

Бүгд Найрамдах Болгар Улсын хөрөнгөөр Чойбалсан хотод мах комбинат, Дархан хотод нэхий эдлэлийн үйлдвэр, Орхон-Шарын голын жимс, ногооны аж ахуй, Алтайн тоосгоны үйлдвэр зэргийг барьж байгуулсныг дурдав. Цаашид харилцаагаа идэвхжүүлэн хөгжүүлэх олон боломжийг  бүх талаар ашиглах цаг болсныг Шадар сайд тэмдэглэв.

Бүгд Найрамдах Болгар Улс нь Монгол Улсын гаргасан аливаа санал, санаачилгыг бүрэн дэмжиж, Европын Холбооны зах зээлд гарах гүүр нь байх болно гэж Эдийн засгийн сайд Эмил Караниколов хэлэв.

Монгол-Болгарын Засгийн газар хоорондын комиссын хурлын үеэр болох бизнес форум, дүүрэг, муж хоорондын хамтын ажиллагаа, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, оюутнуудыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.