Галбын говьд эгшиглэсэн Төрийн хүндэтгэлийн тоглолт

-ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТРЫНХАН ХАНБОГД СУМАНД ӨРГӨН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙГЭЭР ТОГЛОЛЛОО-

Эх орны үүдэн хоймор болсон Галба нутгийн зон олон та бүхэндээ Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалынн 98, Өмнөговь аймаг байгуулагдсаны 88, Ханбогд сумын түүхт 95 жилийн ойн баяр наадам энэ өдрүүдэд тохиож байна.

Ханбогд сумынх түүхт 95 жилийн ойн наадам Баярын хурлаар 2019 оны зургадугаар сарын 30-ны орой “Үлэмжийн чанар” соёлын төвд эхэлсэн юм. 

Баярын хурлыг Ханбогд сумын ИТХ-ын дарга Ж.Занабазар болон сумын Засаг дарга Ш.Эрдэнэжаргал нар нээж үг хэллээ.

Ж.Занабазар: Ханбогд сумын ИТХ-ын дарга

Ш.Эрдэнэжаргал: Ханбогд сумын Засаг дарга

 

-СУМ ОРОН НУТГИЙНХАА ХӨГЖИЛД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСАН ИРГЭДЭЭ ШАГНАЛАА-

Мөн энэ үеэр үр бүтээлтэй ажиллаж, сум орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулсан малчид, ард иргэдээ шагнаж урамшуулсан юм.

 

 

 

-ХАНБОГД СУМЫН 95 ЖИЛИЙН ОЙН ТҮҮХЭН БОТЬ НОМ ХЭВЛЭГДЛЭЭ-

Баярын хурлын үеэр болсон өөр нэг онцгой үйл явдал нь Ханбогд сумын түүхт 95 жилийн ойн “Түүхээ бүтээсэн Түмэн”, “Ханбогдын архелогийн дурсгал” хэмээх хоёр хоёр боть ном хэвлэлтээс ирж, сумын удирдлагууд болон ард иргэдэд гэнэтийн бэлэг барилаа.

Энэхүү түүхэн номыг Ханбогд сумын Засаг дарга Ш.Эрдэнэжаргал санаачлан, бичүүлжээ.

Засаг дарга Ш.Эрдэнэжаргал ""Түүхээ бүтээсэн түмэн" ном нь сумын маань ажилсаг, хөдөлмөрч түмний агуулга баян амьдралаас сэдэвлэсэн намтарчилсан түүх билээ. Харин хоёрдугаар дэвтэр болох "Ханбогд суман дахь архелогийн дурсгал" ном нь гайхамшигт галба нутгийн маань хүний гараар бүтсэн дэлхийн чихийг дэлдийлгэсэн Ханбогд нутагт маань дэлгэгдсэн танхимгүй үзмэрийн тухай билээ. Манай нутгийнхан бол түүхээ бүтээж чаддаг, үе үедээ бичин үлдээж чаддаг гайхалтай ард түмэн билээ. Тийм учраас бидний үе түүхээ бичин үлдээж байна. Хойч үеийнхээ залуучуудад ирээдүйн түүхээ бүтээн, түүчээлүүлэх үүрэг оногдож байгаа гэдгийг сонорт тань хүргэж байна" гэлээ.

 

 

Энэхүү номыг Дэлгэржавын Буянтогтох, Мөнхийн Дамдинсүрэн, Хүүхэний Амбаа, Чогзовын Амгалан, Амьтны Улам-Ундрах нар бичиж, эмхэтгэжээ. 

-МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН БАРАГДАШГҮЙ ӨВ СОЁЛЫН ОХЬ БОЛСОН БҮТЭЭЛҮҮД ХАНБОГД СУМАНД ЭГШИГЛЭЛЭЭ-

Ханбогд сумын түүхт 95 жилийн ойн хоёрдугаар хэсэг нь Монголын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийн хүндэтгэлийн тоглолтоор үргэлжиллээ.

Тодруулбал, Ханбогд сумын Засаг дарга Ш.Эрдэнэжаргал, ИТХ болон Оюутолгой компанийнхан Монголын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийг өргөн бүрэлдэхүүнээр нь урин Төрийн хүндэтгэлийн бүрэн хэмжээний тоглолтыг анх удаа суманд эгшиглүүлллээ.

“Үлэмжийн чанар” соёлын төвд МУ-ын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Төрийн хүндэтгэлийн тоглолтыг Монгол ардын гайхамшигт уртын дуу, морин хуурын аялгуугаар нээн уужим цэлгэр талаас Галбын говийн асах уужим цэлгэр нутгаар ялгуухнаар дуурсгаж, Ханбогд хайрханы сүрлэг их байц, мөнгөн дуулгат цохиогоор хадаан хан тэнгэрт шуранхай өргөн эхлүүлсэн юм. 

Төрийн хүндэтгэлийн тоглолтын бас нэгэн чимэг нь Ханбогд сумын Засаг дарга Ш.Эрдэнэжаргал энэхүү тоглолтод тусгайлан зориулж захиалгаар бүтээсэн "Буман тэмээний аялгуу" хэмээх сайхан бүтээлээрээ нутгийн зон олныхоо сонорыг мялаасан юм.

Галбын говийн ганган улаан тэмээдийг магтан дуулсан "Буман тэмээний аялгуу"-г Өмнөговь аймгийн Сэврэй сумын харьяат МУСТА, хөгжимчин Н.Жүрмэддорж эвэр бүрээ хөгжмөөр гоцлон тоглосон нь Ханбогд сумын ард иргэдийн сэтгэлийн чавхдасыг хөндсөн билээ.

Түүнчлэн “Төрийн бүжиг”  хэмээн өргөмжлөгддөг Төрийн соёрхолт З.Хангалын “Салхит шувуу” бүжгийг Зууны манлай бүжиг дэглээч, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг ангийн уран бүтээлчид энэ л тайзнаа сүр хүчийг гайхуулан амилуулсан юм.

Галбын говийн алтрах туяатай өнгө хоршин гал шиг дүрэлзэх бүжигчдийн уран яруу, хурц тод дүрслэл хэн хүний сэтгэлийг хөдөлгөн байлаа.

-ХАНБОГД СУМЫНХАН СУМДЫН НААДМЫГ ТҮҮЧЭЭЛЛЭЭ-

Гурван цагийн турш үргэлжилсэн энэхүү тоглолт Галба нутгийн зон олны сэтгэлийг огшоон байв. Үндэсний их найрал хөгжим хүндэтгэлийн тоглолтыг хаан ардын урлагийн өв сангаас ирсэн зочдын сонорыг мялаахын сацуу дэлхийн сонгодог бүтээлүүдийг төлөөлөл болох марш аялгууг хэрхэн ардын хөгжмөөр сэтгэл хөвсөлзүүлж болдогийг харуулсан юм.

Үлэмжийн чанар төгөлдөр

Өнгө нь тунамал толь шиг

Үзэсгэлэнтэй хөөрхөн царайг чинь

Үзээд үзээд ханашгүй, ай нь үнэн хө

Сэтгэлийг минь булаамаар аа, ай хө...”  хэмээн нэг удаа чин сэтгэлээсээ дуулахад мянган удаа дарь эхийн тарни уншсантай адил буян хураахьай адил хэмээдэг “Үлэмжийн чанар” дууг V Ноён худагт Данзанравжаа энергийн төвийн зүгт харан суухдаа зохиосон гэдэг. Галбын говийн нутагт орших Дэмчогийн хийдийн буюу энергийн төвөөс эгшиглэдэг тэр л төгс төгөлдөр аялгуугаар Төрийн хүндэтгэлийн тоглолт өндөрлөсөн билээ.  

Монголын үндэсний урлагийн барагдашгүй өв соёлын охь болсон бүтээлүүд ийнхүү Ханбогд сумын түүхт 95 жилийн ойн Хүндэтгэлийн арга хэмжээг нээн, хөг аялгуу нэмэн сумдын наадмын түүчээллээ.

Сум орон нутгийн удирдлагуудын мэндчилгээг хүлээн авна уу.

Галба нутгийн “Үлэмжийн чанар” соёлын төвд Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид 65 хүний бүрэлдэхүүнтэйгээр ийн Хүндэтгэлийн бүрэн хэмжээний тоглолтоо толилуулсанд нутгийн зон олон сэтгэл өндөр, огшин хүлээн авлаа.

Бахархах түүх, омогших алдар, хайрлах эх орон нэгтэй Ханбогдчууд та бүхэн маань хотол түмнээрээ сайхан наадаарай.