Б.Ганбатыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар томилов

2019 оноос хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуульд “тухайн иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулахдаа “чадахуйн зарчим /мерит/”-д буюу мэдлэг, боловсрол, мэргэжил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг хэлнэ” гэж заасан.

Үүнийг үндэслэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Ганбатыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилов. Б.Ганбат нь хуульч мэргэжилтэй. ОХУ-ын Дотоод явдлын яамны академи, Лондонгийн их сургуулийн хуулийн коллеж төгссөн.

1990-1995 онд Дорноговь аймаг, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч, мөрдөн байцаагч, 1995-2013 онд Сангийн яамны хуулийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга, газрын дарга, 2013-2014 онд Дэлхийн банкны төсөлд шинжээч, 2014-2016 онд өмгөөлөгч, 2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, мөн оны наймдугаар сараас Монголбанкны Хууль, эрх зүйн газрын дарга, 2018 оны 12 дугаар сараас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар ажилласан.   

Б.Ганбат нь төрийн албанд 23 жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 13 жил ажилласан бөгөөд өнгөрсөн онд Төрийн захиргааны албаны тэргүүн түшмэл болжээ.  

Товч мэдээ

-  Аадар борооны улмаас их хэмжээгээр эвдэрсэн Улаанбаатар-Мандалговь, Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн зам, замын байгууламжийг засахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх, зам засварын ажлаа шуурхай зохион байгуулахыг сайд Б.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар нарт даалгав. 

-   “Говийн бүсийн уул уурхайн төслүүдэд үйлдвэрийн технологийн ус нийлүүлэх төсөл”-ийн концессын гэрээг “Морьтимпэкс” ХХК-тай байгуулахыг зөвшөөрөв. Төрөөс санхүүгийн ямар нэг дэмжлэг, баталгаа гаргахгүй бөгөөд гэрээний хугацаа дуусахад ус нийлүүлэх шугам хоолойг үнэ төлбөргүй шилжүүлж авах юм. 

-  Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлыг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр “Тахилт транс” ХХК-иар гүйцэтгүүлэх концессын гэрээ байгуулахыг зөвшөөрөв.

-  Хүлээсэн үүргээ биелүүлээгүй “Чингис лэнд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК-тай байгуулсан концессын гэрээг цуцлахыг Үндэсний хөгжлийн газарт даалгав. Тус компани  Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд хурдны авто зам тавих байсан юм.

-  Дорноговь аймгийн Сайншанд-Дэлгэрэх сумыг холбосон 130 км хатуу хучилттай авто зам тавих байсан “Засаг чандмань майнз” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир концессын гэрээг цуцлахыг Үндэсний хөгжлийн газарт даалгав.  

-  368 стандартыг хүчингүй болгож, 2074 стандартыг шинэчлэн 591-ийг шинээр боловсруулахаар болов. Өнгөрсөн онд явуулсан улсын үзлэгт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 6200 гаруй стандартыг хамруулсан  байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.