Ж.Занабазар: Хариуцлагатай уул уурхай гэхээсээ илүү хариуцлагатай төрийн бодлого ус, агаар мэт хэрэгтэй

Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын дарга Жаргалын Занабазар: Хариуцлагатай уул уурхай гэхээсээ илүү хариуцлагатай төрийн бодлого ус агаар мэт хэрэгтэй

- Уул уурхайн бодлого шийдвэр, цаашдын асуудлууд сэдвийн хүрээнд ярилцаж байна. Яг өнөөдрийн байдлаар Өмнөговь аймгийн Ханбогд суманд уул уурхайг дагасан дагавар хөгжлүүд хэрхэн үр дүнтэй явагдаж байна вэ? Хариуцлагатай уул уурхай хөгжиж чадаж байна уу?

- Та сэдэвтэй холбож их мэдрэмжтэй асуулаа. Сэдвээсээ эхлье. Хариуцлагатай байна гэдэг нь өнөөдрийн нийгэмд 2 талтай асуудал болоод байна. Нэг нь эрх зүйн хариуцлагатай байх нөгөө нь нийгмийн хариуцлагатай байх. Тэгэхээр эрхзүйн хариуцлагыг иргэн бүр компани хуулийн этгээд бүр хуулийн хүрээнд үүрч явдаг. Татвар төлөхөөс эхлээд шүү дээ. Харин нийгмийн хариуцлага гэдгийг эрх зүйн орчинд зохицуулж өгөөгүй боловч нийгмээрээ шахаж шаардаж хариуцлага хүлээлгэх гэдэг. Үүнийгээ нийгмийн хариуцлага гэдэг ба энэ нь хандив, тусламжаас эхэлдэг. Одоо асуулт руугаа оръё. Дэлхийд эхний тавд ордог томоохон уурхайтай сумыг ихэнх хүмүүс томоор төсөөлдөг, өөрсдийн хэмжээнд том байна, хөгжиж байна гэж дүгнэдэг.

Томоороо гэдэг юмуу хөгжлөөрөө гэдэг юмуу 330 сумаасаа бол эхний тавд байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр хөгжил харагдаж байгаа гэхдээ хурд нь удаан. Уул уурхай бол шавхагдах баялаг. Уул уурхайн салбарын хөгжлийн хурд маш эрчимтэй нэмэгдэж байна. Техник технологи нь цаг минутаар шинэчлэгдэж, хүчин чадал нь нэмэгдэж байна.

Бид Эрдэнэт үйлдвэр шигээ зуун дамнаж жаран жилээр ашиг шимээ өгдөг уурхайг дахиж бараг харахгүй байх. Эндээс юу гэж хэлэх гээд байна гэхээр салбарын хөгжлийн хурдтай бүс нутгийн хөгжлийн хурд ижил түвшинд явах нь зохистой болоод байна. Ханбогд сумын хувьд уул уурхайн хөгжил дэлхийн түвшинд гарсан ч бүс нутгийн хөгжил хөдөөгөөсөө холдоогүй байсаар байна. Дан ганц уул уурхайн салбарын хариуцлага гэхээс төрийн хариуцлага бодлого илүү ус агаар мэт хэрэгтэй байна. 

- Төрийн бодлогын уялдаа холбоо хаа ч газрын уул уурхайн салбарт учир дутагдалтай байгаа тал дээр ихээхэн шүүмжлэлттэй ханддаг. Монголын эдийн засгийн чухал хувийг бүрдүүлдэг татварын орлогын 10 гаруй хувийг дангаараа гүйцэтгэдэг Оюу толгой төсөл энэ суманд ажиллаж байна. Төрийн хариуцлагын талаар та дэлгэрүүлээч?

- Ханбогдын хувьд сум дүүргийн статустай учир Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай болон Төсвийн тухай хуулиудад тодорхой заасан эрх зүйн болоод эдийн засгийн хэм хэмжээтэй байдаг. Тэгэхээр томоохон уул уурхайн төслийг дагасан хүн амын төвлөрөл, хөдлөгөөн механик өсөлт бий болж байна. Өнөөдрийн байдлаар Ханбогд сум 8000 орчим бүртгэлтэй, 30 мянга орчим хөдөлгөөнт хүн амтай. Оюу толгой төслөөс гадна Таван толгой бүлэг ордын нүүрс тээврийн гаалийн хяналтын бүс цагаан хад нь манай сумын нутагт оршдог. Тэнд нүүрс тээврийн 14000 жолоочийн хөдөлгөөн бий. Гэтэл бүртгэлтэй хүн амаар төрийн байгууллагын бүтэц орон тоо төсөв санхүү шийдэгддэг.

    Жишээ нь эрүүл мэндийн байгууллагын шатахуун эм тариа бүртгэлтэй хүн амаар тооцож төсөвлөгддөг боловч бодит амьдрал дээр хаана ч хүрдэггүй. Учир нь нутаг дэвсгэрийн харъяаллаараа нүүрс тээврийн замын ачааллаас үүдэн гарсан осол аваарын дуудлага сумын эмнэлэгт ирдэг учир төсвөө тэдэнд зарцуулдаг. Төрийн байгууллагын ажил ачаалал хөдөлгөөнт хүн ам дээрээ төвлөрдөг гэж ойлгож болно. Тэхээр хүн амын механик өсөлт хөдөлгөөнийг орон нутгийн төрийн байгууллагын бодлого шийдвэр төсөв санхүү гүйцэж ажиллах боломж алга. Энд шийдвэр гаргах түвшний дээд шатны төрийн бодлого зайлшгүй шаардлагатай байгааг хэлээд байгаа юм. Эрх зүйн болоод эдийн засгийн зохицуулалт.


- Уул уурхайг дагасан хичнээн үйлдвэрлэл үйлчилгээ, ажиллагсад байгаа вэ? Татвар бүрдүүлэлтийн хувьд тус сум голлох үүрэг гүйцэтгэдэгийн хувьд орон нутгийн хөгжлийн сан зэрэг төрөөс эргэн хуваарилалт дээр хэр давуу эрх эдэлж чаддаг вэ? 

- Ханбогд сумын хувьд төсвийн хараат дээд шатны төсвүүдээс татаас авдаггүй онцлогтой. Харин ч улс болон аймгийн төсвийн даацтай хувийг бүрдүүлдэг сум. Багахан тоо баримт ярья. 2018 оны байдлаар аймгийн төсвийн орлогын 20 орчим хувь, татварын орлогын 40 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна. Улсын төсвийн татварын орлогод жилд зөвхөн Оюу толгой төслөөс 400-500 тэрбум төгрөг төвлөрдөг. Мөн Гашуун сухайт хилийн боомт байна. Энэ боомтын эдийн засгийн эргэлт 5-7 их наяд төгрөг. 20 сая тонн нүүрс, 700 мянган тонн алт зэсийн баяжмалын зах зээлийн үнэлгээ нь. Өнөөдрийн байдлаар Монгол улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7-8 их наяд төгрөг бий. Тэгэхээр Ханбогд сумын хувьд эдийн засаг, газар зүйн байрлалын хувьд төвлөрлийг сааруулах суурьшлын шинэ бүс нутаг болох нөөц бололцоо хангалттай бий гэж үздэг.

        Төрөөс буюу УИХ, Засгийн газраас стратегийн орд бүхий цөөн тооны аймаг суманд эрх зүйн болоод эдийн засгийн зарим зохицуулалтыг шийдэж өгөх шаардлагатай. Эдийн засгаа дагаад хүн ам төвлөрөөд байна. Нэг үгээр хэлбэл мөнгө хаана байна тэнд хүмүүс цуглараад, бөөгнөрөөд, түгжрэлдээд бухамдаад, стрестээд байгаа юм. Том жишээ бол манай улсын нийслэл Улаанбаатар хот юм.

Эдийн засгаа задлаад стратегийн орд бүхий аймаг сумдад эдийн засгийн эргэлт оруулах хэрэгтэй. Эдийн засгийн эргэлтээ дагаад хүн амын төвлөрөл задрана. Ханбогд сумын хувьд эрх зүй, эдийн засгийн орчинг шийдэж өгвөл 40-50 мянган хүн нийслэлээс суурьшуулах боломжтой. Үгүй байлаа гэхэд энэ хэмжээний хүнийг нийслэлийн хүн амын ачаалалд нэмэхгүй сааруулна гэсэн үг. Энэ мэт стратегийн ордтой 15 бүсэд эрх зүй, эдийн засгийн орчин бүрдүүлсэнээр багадаа 500 мянган хүнийг нийслэл хотын төвлөрлөөс шилжүүлэх боломжтой.

  Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаар хөрсний бохирдол бууруулах хамгийн төгс шийдэл гэж боддог. Хатуухан хэлэхэд түгжрэлээсээ гарч чадахгүй, утаанаасаа цааш харж чадахгүй байгаа дарга нар Улаанбаатарын асуудлыг шийдэж чадахгүй.

     Утаа, түгжрэл, цэвэрлэх байгууламж гэж хэдэн зуун тэр бумаар нь төсвийг салхинд хийсгээд л дуусна. Шийдэл нь орон нутаг руу төсвийн эргэлт буюу ОНХСангаар болон татварын тодорхой хувийн дэмжлэг үзүүлэх юм. АМНАТ-ын аравхан хувийг, ААНОАТ-ыг харъяаллын дагуу төвлөрүүлбэл орон нутгийн хөгжлийн олон асуудлыг шийднэ. Жишээ нь Ханбогд сумаар авч үзье. Ханбогд сумын хувьд Оюу толгой төслөөс улсад АМНАТ-ын төлбөрт 130-150 тэр бум төгрөг төвлөрүүлдэг бол 10 хувь нь 13-15 тэр бум төгрөг үлдэх боломжтой. Мөн байнгын үйл ажиллагаа явуулж татвар төлж буй 100 орчим аж ахуй нэгж бий.

     Оюу толгой төсөлд 1 тэр бумаас 100 тэр бум давсан орлоготой ч ААН-үүд бий. Төсвийн тухай хуулийн нэг алдаа ААНОАТ шууд улсын төсөвт төвлөрдөг. Тэр ААНэгж Увсын Тэс, Хөвсгөлийн Хатгал, Өмнөговийн Ханбогд, Нийслэлийн Баянзүрхэд үйл ажиллагаа явуулж, тухайн бүс нутагтаа нэмүү өртөг шингээж ажлын байр бий болгох нь хамаа байдаггүй. Уул нь тэр Хатгалын аялал жуулчлалын том ААНэгжийн, Баянзүрх дүүргийн том том дэлгүүр, зочид буудлуудын, Ханбогд сумын ААНэгжүүдийн ААНОАТ харъяа нутаг дэвсгэрийн төсөвт төвлөрч байвал хамгийн зөв гарц. Энэ мэт эрх зүйн болоод эдийн засгийн зарим зохицуулалт хийснээр Ханбогд сумын хувьд 2 тэр бум төгрөгийн төсөв батладаг биш 20 тэр бум, 50 тэр бумын төсөв батлаад сургууль, цэцэрлэг, зам дэд бүтцээ дээшээ харж 5-10 жилээр цаг алдалгүй шууд шийдвэрлээд 40-50 мянган хүн амтай хот суурин болох бүрэн боломжтой. 

- Уул уурхайн хөгжил эрчимжсэн орон нутаг дахь үйлдвэрлэлийн хөгжил нэг талдаа саадгүй хөгжихөөр боломжтой мэт боловч нөгөө талдаа байнгын бэрхшээлтэй нэг асуудал байсаар байгаа нь боловсон хүчний тогтворгүй байдал. Нутгийн иргэд сумынхаа аж ахуйн нэгж, компанид ажиллах гэхээсээ илүү өндөр цалинтай уурхайд ажиллахыг илүүд үздэг. Энэ нь орон нутгийн үйлдвэрлэлийн хөгжлийг удаашруулахад гол шалтгаан болдог тухай эзэд ярьдаг. Уул нь бол уурхайн салбарыг дагаад бусад салбарууд хөгжөөд эдийн засгийн тогтвортой хөгжлийг бэхжүүлээд авах ёстой байгаад байдаг. Энд орон нутгийн бодлогын хэмжээнд ямар нэг байдлаар зохицуулалт, төлөвлөсөн зүйл бий юу?

- Бүх л салбарт боловсон хүчний дутагдал байна. Өндөр цалин хангамжтай ч гэсэн уул уурхайн салбарт хүртэл боловсон хүчин дутмаг байна. Саяхан Өмнөговь аймгаас Оюутолгой төсөлтэй хамтраад ажлын байрны нээлттэй өдөрлөгөө зохион байгуулсан. Тэр арга хэмжээнд ОТ төслийн туслан гүйцэтгэгч 30 орчим компани 370 гаруй ажлын байртай оролцсон боловч тухайн цагт ажлын байранд тавигдах шаардлага хангасан 64 хүн шууд ажлын байраар хангагдсан байдаг. Тэр өдөр аймгийн удирдлагууд ОТ ххк-ий удирдлагууд болон гэрээт компаний удирдлагуудтай орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд ээлжит уулзалтаа зохион байгуулсан. Тус уулзалтанд ажил олгогчдын зүгээс боловсон хүчний дутагдал хүндрэлтэй байгааг уламжлаад сургаж бэлтгэх явцаа сайжруулах илүү олон хүн хамруулахаар санал солилцсон.

    Эндээс харахад боловсролыг ойлгох боловсрол иргэдэд дутагдаж байна. Сургуульд явна эсвэл мал дээр гарна гэдэг ойлголт саяхныг хүртэл байсан. Энэ хоёрын дунд мэргэших гэдэг ойлголт бий. Хуучнаар мэргэжил сургалт үйлдвэрийн төв. Бакалаврын түвшинд сайн инженер, сайн мэргэжилтэн болох боломжгүй бол сайн ажилтан, сайн гагнуурчин, механикч болж мэргэших боломж бий гэдэг мэдлэгийг олж авах боловсрол дутмаг байна. Тэгэхээр ажил олгогч ажил горилогч хоёр маань зарчмын зөрөөтэй хоёр талд бие биенээ эрж хайгаад байгаа юм.

     Төрийн албанд мөн адил боловсон хүчин хомс байдаг. Шалтгаан нь арай өөр мэргэжилтэй диплом тэвэрсэн ажил горилогчид элбэг. Гэхдээ өөртөө биш ажилдаа шалгуур өндөр тавьдаг. Хамгийн эхлээд цалин өндөр ажил хайдаг. Өнөөдрийн байдлаар амьдрал дээр хууль хүчний байгууллагаас бусад төрийн байгууллагын албан хаагчдын цалин цалингийн доод хэмжээнээс арай дээгүүр л байна. Энэ нь боловсон хүчин дутагдах гол шалтгаан болдог. Ханбогд сумын хувьд төрийн албанд боловсон хүчин дутмаг дээр нь тогтворгүй байдаг.

       Оюу толгой төсөлд хамгийн бага цалинтай угаагч, үйлчлэгч насаараа төрийн албанд ажилласан эмч багшаас өндөр цалин авдаг учир нэгдүгээрт төрийн албанд ажиллах сонирхолтой боловсон хүчин хомсдож хоёрдугаарт тогтвор суурьшилтай ажиллах баталгаа алдагддаг. Мэдээж орон нутаг бие дааж цалин тэтгэмж нэмэгдүүлэх эрх зүйн орчин байхгүй. Тиймээс орон нутгаас нөхцөл байдалд уялдуулсан бодлого гаргаж туршлагатай төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллах нөхцлөөр хангахын тулд гэр бүлийн амьжиргаанд анхаарах, дэмжлэг үзүүлэх ажил зохион байгуулсан. Гэр бүлийн гишүүнийг нь уул уурхайн компанид боломжийн цалинтай ажилд хөдөлмөр халамжийн хэлтсээрээ дамжуулан зуучилж ажилд оруулж өгч байгаа. Нэг үгээр өөрийнх нь цалинг нэмж орлогыг нь нэмэгдүүлэх боломжгүй учир нэг орлоготой гэр бүлийн хүнийг нь боломжийн цалинтай ажилд зуучилснаар тэр айлын орлого нэмэгдэж ачаалал буурч тогтвортой ажиллах нөхцөл нэмэгдэх юм. Яг энэ зарчмаар төрийн албаны боловсон хүчинг татах, тогтоох ажил явж байгаа. Гэхдээ боломжтой цаг хугацаанд боломжит тоогоор. 

- Уул уурхайн баялаг бол нэг л өдөр дуусна шүү дээ. Хэрэв гэнэт зогслоо гэхэд тус сум хэр хүндрэлтэй байдалд орох бол? Таны төсөөлөл?

- Миний хувьд уул уурхайн салбарт 9 жил сурч боловсорч ажил хөдөлмөр эрхэлсэн. Уурхайн хаалтын төгсгөлд бага агуулгатай хаягдал хүдэр боловсруулах чиглэлээр 4 жил ажиллаж туршлагажсан бас мастерийн зэрэг хамгаалж мэргэжлээ дээшлүүлсэн. Энэ хугацаанд Канадын 100 хувь хөрөнгө оруулалттай Бороо гоулд ХХК-ний уурхайн хаалтын төлөвлөгөөн дээр ажиллаж байсан. Ямар ч уурхай ашиглалт эхлэхээсээ өмнө хаалтын төлөвлөгөөгөө хамт төлөвлөж явдаг.

    Оюу толгой орд бол байгалийн шавхагдах баялаг. Хэзээ ч дуусч магадгүй. Түүхий эдийн үнээс шууд хамаарна. Хэзээ ч зогсож магадгүй. Хөрөнгө оруулагчдын болон хувь нийлүүлэгчдийн шийдвэрээс бас хамаарна. Энэ нь дээрх хэлсэн шалтгаан нөхцлүүдээр уурхай хэзээ ч зогсоход бэлэн байдалд байдаг.

    Манай сумын хувьд Оюу толгой төсөлд хөдөлмөрийн насны хүний 60 орчим хувь нь ажилладаг, сумын төсвийн орлогын 90 гаруй хувь, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын 70 гаруй хувь төслөөс шууд хамааралтай байгаа нь яг өнөөдөр Оюу толгой төсөл зогсвол иргэд нь ч тэр сум ч тэр орлогын маш хүнд байдалд орно. Тиймээс сумын төсөв болон иргэдийн амьжиргаа нэг салбараас буюу уул уурхайгаас шууд хамааралтай байж болохгүй.

Уурхайгүй, Оюу толгойгүй Ханбогдыг төлөвлөж явах нь чухал. Бүс нутгийн онцлогт тохирсон хөгжлийн бодлого боловсруулж ажиллах шаардлага үүсч байна. 2016 оны орон нутгийн сонгуульд сумын АН-аас яг энэ зарчмаар дунд хугацааны гурван тулгуурт хөгжлийн бодлого мөрийн хөтөлбөр боловсруулж ялалт байгуулан амжилттай хэрэгжүүлж байна.

Нэгдүгээрт: Мэдээж уул уурхайг түшиглэсэн бодлого.

Дэлхийн томоохон төсөл Оюу толгой, Таван толгойг дагасан олон тэрбум долларын эдийн засгийн урсгалаас орон нутагт нэмүү өртөг шингээж үлдээх, ажлын байр бий болгох, үйлдвэрлэл хөгжүүлэх замаар орон нутгийн хөгжлийг нэмэгдүүлэх.

Хоёрдугаарт: Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого.

Тэр бум хол давсан хүн амтай том гүрэнтэй хил залгаж оршдог нь хил орчмын аялал жуулчлал хөгжүүлэх асар том нөөц боломж гэж хардаг. Газарзүйн байршил, түүх соёлын дурсгалт газруудаа түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх боломж бий.

Гуравдугаарт: Монгол орны байгаль цаг уур, нутаг дэвсгэрт хамгийн тохиромжтой хөдөө аж ахуйн салбараа түшиглэн хөгжих бодлого.

Уул уурхай бол газар усаа ухдаг салбар бол хөдөө аж ахуй бол газар дээр ургадаг, үрждэг салбар. Тариа ногоо мөнхөд ургана мал сүрэг мөнхөд өсөж үржинэ. Бидний суурь гурван зорилго энэ. 

- Оюу толгой төсөл зогсоно зогсохгүй, гэрээг цуцлана цуцлахгүй гэдэг асуудлууд нийгмийг төөрөгдүүлж талцуулсаар байна. Салбарт нь ажиллаж байсан мөн орон нутгийн удирдлагыг тэргүүлж байгаа хүний хувьд Оюу толгой гэрээнд өөрчлөлт оруулах талаар таны бодол? 

- Энэ асуудалд нийгмээрээ талцаад маргаад байх ямар ч шаардлага байхгүй. Эцсийн шийдвэрийг хувь нийлүүлэгчид л гаргана. Гэрээ байгуулсан талууд гэсэн үг. Засгийн газрын байр суурийг салбарын сайд нь тов тодорхой ярьсан байна лээ. Оюу толгой төсөл зогсохгүй гэхдээ энэ нь гэрээ сайн гэж хэлж байгаа юм биш. Популизм хийж биш хэлцэл хийж ширээний ард талуудын ижил тэгш оролцоотой шийдэх ёстой гэж Сумъяабазар сайд маш зөв маш хариуцлагатай мэдээлэл хийсэн. Бусад талуудын байр суурь чухам ямар байгааг сайн мэдэхгүй байна. Миний хувьд салбар талаасаа ч төр талаасаа ч зарчмын нэг л санаатай. Оюу толгой төсөл зогсох ёсгүй харин хөрөнгө оруулалтын гэрээ сайжрах ёстой. Гэхдээ болгоомтой хандах талууд харилцан ашиг сонирхлоо хүндлэх, хэлэлцэх замаар өөрчлөлт орох нь зөв. 

- Хариуцлагатай уул уурхайн талаар жишиг болж буй малчдын гурван талт хэлэлцээр зэрэг хөтөлбөрүүд бий? Саяхан хамтын ажиллагааны нээлт болж, нэлээдгүй ажил төлөвлөжээ?

- Гурван талт зөвлөлийн талаар товчхон танилцуулъя. Энэ нь анх малчид Оюу толгой хоёрын хооронд үүссэн гомдол маргаан байсан. Ойлголцохгүй гуравдагч талууд орж ирсэн нь орон нутгийн Засаг захиргаа ба талуудыг чиглүүлж ажиллсан нь олон улсын санхүүгийн корпорацийн гомдол барагдуулах механизм юм. Анх хэрхэн эхэлсэн түүх нь Оюу толгой төслийн дэд бүтцийн корьдорийн ойр орчимд нутаглаж байсан малчид. Төсөл эхэлсэнтэй холбоотой нүүдлийн мал аж ахуй сөрөг нөлөөлөлд өртөж байна гэж үзэж гомдол гаргасан байдаг. Гомдлоо хаана гаргасан гэхээр Оюу толгой төслийг санхүүжүүлэгч дэлхийн банкны групп олон улсын санхүүгийн корпорацид гаргасан. Энэ ч маш зөв нүүдэл байсан. Хэрэв Засгийн газарт хандсан бол гурилаар хуураад л өнгөрөх байсан байх.

     Олон улсын байгууллага арай өөр өнцгөөс хандсан. Оюу толгой төсөлд зээл олгохдоо олон төрлийн стандарт шаардлага тавьж өгсөн байсан. Стандартын дагуу ажиллаж буй эсэхийг олон талт хөндлөнгийн шинжээчдийн баг гаргаж талуудаас хараат судлагаа явуулсан. Судлагааны дүнд 28 зөвлөмж гарсан байдаг ба тэдгээр зөвлөмжүүдийн хүрээнд гомдлыг барагдуулах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулж албажуулна гэдэг нь өөрөө маш их үр дүнтэй байдаг. Талуудын үүрэг оролцоо тодорхой болж үр дүн гарч эхэлсэн. Малчдын гомдол сүүлд гарсан юм биш л дээ.

       Анх 2004 онд лицензтэй талбайд байсан 10 орчим айлаас эхэлсэн. Дараа нь 2011 онд 89 болж нэмэгдсэн хэдий ч энэ нь тийм ч зөв шийдэл байгаагүй. Харин ч эсэргээрээ малчдыг ялгаврлан ангилж, талцуулах улмаар нөхцөл байдлыг хүндрүүлж байсан. 2017 оны 5 сард байгуулсан гомдол барагдуулах гэрээгээр энэ бүх асуудлыг шийдвэрлэсэн гэж ойлгож болно. Ингэхдээ нийтийн нөхөн олговорын хүрээнд нийт малчдыг хамруулсан олон хөтөлбөр арга хэмжээг урт хугацаанд авч хэрэгжүүлэхээр гэрээнд тусгасан. Заримаас нь дурдвал мал нядалгааны шугам, малчны зах, малчдын хүүхдийн боловсролын тэтгэлэг, хороо бууц, худаг ус сэргээн засах гэх мэт олон төрлийн арга хэмжээг хийж хэргэжүүлэн ажиллаж байна. 

- Ярилцсанд баярлалаа

                                                                                                                                 Сэтгүүлч С.СУМЬЯА /Өмнөговь/

Эх сурвалж: Gobimedia.mn