Өмнөговь аймаг 2019 оныг салбарын хувьд "Соёлыг дэмжих жил" болгон зарласан билээ. Соёлыг дэмжих жилийн нээлтийн арга хэмжээ "Соёл урлаг-тогтвортой хөгжил" уриатайгаар аймгийн соёлын ажилтны зөвлөгөөнөөр өнөөдөр эхэллээ. Зөвлөгөөнд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат болон аймаг сумын удирдлагууд, сумдын соёлын төвийн эрхлэгчид болон уран бүтээлчид оролцож байна.

Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн НИЙГМИЙГ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ гэсэн уриалгыг бодит ажил хэрэг болгож "Соёлыг дэмжих жил-2019" -ийн хүрээнд олон шинэлэг ажлыг эхлүүлж буй Өмнөговьчуудад талархал илэрхийлж буйгаа онцоллоо. Мөн НҮҮДЭЛЧИН МОНГОЛ соёлын биет бус өвийг хамгаалах урлагийн их наадамд тэргүүлсэн "ӨМНӨГОВЬ ОТОГ" уран бүтээлчдийг алдаршуулсан юм.

"Соёлыг дэмжих жил"-ийн хүрээнд Өмнөговь аймаг соёл урлагийн салбар болоод уран бүтээлчдээ дэмжсэн 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр төсөвлөжээ. Тухайлбал аймгийн төвд Музей, Хөгжимт жүжгийн театрын барилгуудыг шинээр барьж, ашиглалтад оруулах бөгөөд сумдын соёлын төвүүдийг засварлах, нэн хэрэгцээтэй хөгжим техник хэрэгслээр хангах улмаар ном уншдаг, өв соёлоо дээдэлдэг, нийтийн соёлыг эрхэмлэдэг аймаг болоход чиглэсэн ажлуудыг шат дараалалтай хэрэгжүүлэх юм байна.