ЕСБХБ-ны санхүүжилтээр нийслэл нийтийн тээврийн 187 автобустой болно

Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн төслийн ТЭЗҮ-г эцэслэн танилцуулах уулзалт өнөөдөр боллоо.

Уулзалтаар автобусны маршрут, үйлчилгээний одоогийн практикт үнэлгээ өгөх, автобусыг санхүүжүүлэх Засгийн газрын хөтөлбөрт анализ хийх, автобусны зориулалттай хотын сан хөмрөгийн талаар санал боловсруулах зорилготой судалгаа хийх үүрэг бүхий Хот суурин газрын тээврийн асуудлаар зөвлөхийг гэрээлж ажиллуулахад зориулан тус банк 100 мянга орчим еврогийн хөрөнгө гаргасан байна.

Мотт Макдоналд компани урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулсан. Тайланд тусгаснаар 40 орчим сая ам.долларын санхүүжилтээр 200 автобус, дагалдах тоног төхөөрөмж бүхий парк худалдан авалт хийх, нийтийн тээврийн салбарт ухаалаг менежмент, зам, зогсоол оновчтой болгох зэрэг багц асуудлыг хамтран хэрэгжүүлэх боломжтой талаар  Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөллүүд дурсан байна. 

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэл төсөл нь ЕСБХБ-аас санхүүжүүлэх 40 хүртэлх сая ам.долларын 28 сая ам.доллар нь зээл, 12 сая ам.доллар нь буцалтгүй тусламж байх юм.Автобус шинэчлэлтийн хүрээнд 187 автобус түүнчлэн автобусны эгнээ, депо тоног төхөөрөмж, мөн нийслэлд зориулсан төслийн бэлтгэл, хэрэгжилтийн техник туслалцааг санхүүжүүлэх юм. Тус банкныхны зүгээс автобусыг шинэчлэх төслийн бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотын авто зогсоолын салбарт дээд түвшний үнэлгээ хийх, мөн уг салбарыг богино, дунд хугацаанд сайжруулах замын зураглал гаргах, үүний дотор шаардлагатай институцийн шинэчлэл хийх ажлыг эхлүүлэх сонирхлоо илэрхийлсэн. Уг замын зургийг цаашид нарийвчлан судлах бөгөөд нийслэл хүлээн авсан тохиолдолд Улаанбаатар хот даяар аажмаар хуулбарлаж болох Гудамжны зогсоолын анхны төслийг бэлтгэхэд тусалж, тухайн төслөө санхүүжүүлэх юм байна.

Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан НИТХ-ын төлөөлөгч, Ухаалаг Улаанбаатар хорооны дарга М.Халиунбат, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Өлзийбаяр, нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, орлогч дарга Х.Булгаа, УБХК-ийн гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ, ЕСБХБ-ны Суурин төлөөлөгч Ирина Кравченко, Тэргүүлэх банкир Антон Дан-Чин-Юу, Нийтийн тээвэр хариуцсан мэргэжилтэн Иан Женнингс нар байлцав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.