Шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажил албан ёсоор эхэллээ

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр шинэ цэвэрлэх байгууламж барих ажил өнөөдөр эхэллээ.  Тодруулбал, БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шинэ цэвэрлэх байгууламж барих төслийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэсэн юм. 

Цэвэрлэх байгууламжийг гурван жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулах бөгөөд төслийн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах барилгын материал, тоног төхөөрөмжийг Монгол Улсад үйлдвэрлэж байгаа дотоодын үйлдвэр, ААН, байгууллагуудаас ханган нийлүүлэхээр болсон гэв. 

Цэвэрлэх байгууламжын шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Хүрэлсүх,  БХБЯ-ны сайд Х.Баделхан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, БНХАУ-ын "Чайна Тисижү Сивил Инженеринг  групп"-ын ТУЗ-ын дарга Жанг Хэ чуань, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Б,Ундармаа  тэргүүтэй бусад зочид төлөөлөгчид оролцлоо. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсэх шав тавих ёслолын нээж хэлсэн үгэндээ: "Энэхүү ажил нь Нийслэлийн ард иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангахад онцгой үүрэг гүйцэтгэх чухал үйл явдал юм.  Хамтран ажилласан бүх байгууллагад Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. Миний бие Ерөнхий сайд болоод удаагүй байхдаа Төв цэвэрлэх байгууламж дээр ирж нөхцөл байдалтай анх танилцаж байсан. Түүний дараа БНХАУ-д айчлахдаа шинэ цэвэрлэх байгууламж барих асуудлыг шийдсэн нь өнөөдөр ийнхүү биелэлээ олж байгаад баярлаж байна. Тавантолгойн төмөр зам, цахилгаан станц гээд бүтээн байгуулалтын олон ажил энэ хавар эхэлнэ. Цаашдаа ажлууд үргэлжлэх болно." гэлээ. 

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан:  "Хуучин цэвэрлэх байгууламжийг 1964 онд анх баригдсан. Ашиглалтад орсноос хойш тухай бүрт нь техник технологи тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн. 

2001 оноос хойш шинээр барих асуудал яригдсаар олон Засгийн газар дамжаад өнөөдөр шийдэгдэж цаасан дээр байсан төсөл бодит ажил хэрэг байгаад маш их баяртай байна. Хүчин чадлын хувьд 250 мянган метр/куб лагийг хүлээн авах боломжтой болох юм. Гарсан бохирыг гурван шатлалаар бүрэн цэвэрлэнэ. Харин гарсан лагийг шатааж эрчим хүч гарган авч  уг эрчим хүчээрээ цэвэрлэх байгууламжийн  эрчим хүчний хэрэглээний 50 хувийг хангах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. Нэмж хэлэхэд шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор Улаанбаатарт өнөөдөр үнэртэж байгаа үнэр байхгүй болно.  Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан Элчин сайд болон бусад холбогдох хүмүүст талархал илэрхийлье" гэв.

Шинэ цэвэрлэх байгууламжийг "Чайна тисижу сивил инженеринг групп ба Бээжин констракшн инженеринг групп консерциум" барих бөгөөд үндсэн барилга байгууламжуудыг 35.5 сарын дотор барьж дуусгахаар төлөвлөөд байгаа аж. Шинэ цэвэрлэх байгууламж нь хуучин цэвэрлэхийн биопрудын зориулалтаар ашиглагдаж байсан 40га талбайд баригдах бөгөөд үүний 24.7га буюу 61 хувьд нь барилга байгууламжийг барих аж. 

Ийнхүү өнөөдөр шавыг тавьснаар барилгын ажил эхэлж албан ёсоор эхэлж байна.