Дэлхийн оюутны өвлийн универсиад наадамд уран гулгалтаар анх удаа оролцоно

ОХУ-ын Красноярск хотод дэлхийн оюутны өвлийн универсиад 29 дүгээр наадам ирэх сарын 2-12-ны өдрүүдэд болно. Энэ наадам спортын 11 төрөлд болж 60 орчим орны 3000 гаруй төлөөлөгчид оролцох аж. Тэгвэл  манай улсаас энэ наадмын 5 төрөлд нь оролцох бөгөөд баг тамирчид маань хэдийн бэлтгэлээ хангаж эхэлжээ.

Мөн тус наадамд манай улсаас цанын орон зай баримжаалах төрөлд анх удаа эрэгтэй, эмэгтэй тус бүрдээ гурван тамирчин нийтдээ зургаан тамирчин, уулын цана "Фристайл" төрөлд оролцох гурван тамирчин, тэшүүрийн шорт трек төрлөөр оролцох тэшүүрийн тамирчин Б.Гэрэлтуяа, Ски-кросс буюу туг сүлждэг төрөл болон жижиг довцог дээгүүр харайдаг хоёр төрөлд Уулын цанын тамирчин Г.Буянт, могул болон ски-кросс төрөлд Уулын цанын тамирчин С.Тэмүүлэн нар тус тус оролцоно. Уран гулгалтын хувьд анх удаа оролцож байгаа бөгөөд Японд энэ чиглэлээр суралцдаг Монгол оюутныг Япон дасгалжуулагчийнх нь хамт урин оролцуулж байгаа юм байна.

Энэ удаагийн наадамд тамирчдыг тэшүүрийн дасгалжуулагч Б.Сансарбилэг, цанын орон зай баримжаалах төрлөөр Азийн наадамд багийн болон хувийн дүнгээр мөнгө хүрэл медаль хүртэж байсан Б.Гэрэлт-Од дасгалжуулж байна.

          

Өвлийн Универсиадад монголын баг тамирчид 1991 оноос оролцож эхэлжээ. Хоёр жил тутам болдог уг наадмыг зохион байгуулах эрхийг 2021 онд Швейцарь, 2023 онд АНУ аваад байгаа юм. Манай улсын тухайд 2033 онд зохион байгуулах эрхийг авахыг эрмэлзэж байгаа. Хэрэв манай улсад уг наадам болбол өвлийн спортын хөгжилд ач холбогдолтой юм.