“Улаанбаатар хотын хүн ам хурдацтай нэмэгдэж, суурьшлын бүс зургаа дахин тэлсэн

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр НЗДТГ-т ажиллажээ.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн ам хурдацтай нэмэгдэж, суурьшлын бүс зургаа дахин тэлсэн.

Улаанбаатар хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, дэд бүтэц, агаарын бохирдол, түгжрэлийг бууруулахад чиглэсэн мега төслүүдийг гараанаас гаргасан. 

Тухайлбал, Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нийт 300 МВт хүчин чадалтай 2 блок ашиглалтад орж, 967 мянган айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна.

Багануурын батарей хуримтлуурын станц 25 мянган өрхийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Дулааны тавдугаар цахилгаан станцыг энэ онд барьж эхэлнэ. Энэ хүрээнд 26 нэгж талбарт газар чөлөөлөхөөс 20 нэгж талбарт газар чөлөөлсөн. 

Гэр хорооллыг хөгжүүлэх дэд төвүүдийн төлөвлөлтийг үе шаттай хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу бүсийн төлөвлөлт дагуул хотуудыг төлөвлөж байна.

Түүнчлэн авто замын засвар, шинэчлэл, нийтийн тээврийн парк шинэчлэлт, зогсоол байгуулах, замын хөдөлгөөний зохицуулалтыг сайжруулах, өмчийн менежмент, хот нийтийн аж ахуйн шинэчлэлийг хийж байна.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2025-2026 оны галлагааны улиралд хагас коксон шахмал түлшийг шинээр хэрэглээнд нэвтрүүлж, хийн түлш, цахилгаан түлш, дулаалгын төслүүдийг хэрэгжүүлж байгаа” хэмээн онцолжээ.

Улаанбаатар хотод 16 мега төслийг хэрэгжүүлж байна. 

Тодруулбал, Туулын хурдны зам, ДЦС-5, Улаанбаатар метро, Улаанбаатар трам 1, 2-р шугам, тусгай замын автобус, дүүжин замын тээвэр, тойрог зам, Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Туул усан цогцолбор, Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх, Лаг шатаах үйлдвэр, Олон түвшний уулзвар, Хөрсний ус, үерийн хамгаалалт, Баянхошуу, Ханын материал орон сууцжуулах төсөл, Хүннү хотын дэд бүтцийн төсөл, Эмээлт эко аж үйлдвэрийн парк гэсэн 16 төслийн явцыг мөн танилцуулжээ.

Танилцуулгатай холбогдуулан Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр асуулт асууж, үг хэллээ.

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын гол төв Улаанбаатар хотод хүн амын 60 гаруй хувь, ДНБ-ий 70 хувь, нийт эдийн засгийн хуримтлалын 82 хувь, үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын 88 хувь нь төвлөрсөн байдаг. 

Эдийн засаг, хөгжлийн яам эдийн засгийг хөгжүүлэхэд нийслэлийн оруулах хувь нэмрийг үнэлж, боломжийг харж байна. Бид нийслэлийн хөгжлийг хангахад шаардлагатай бодлогын болон хууль эрх зүйн зохицуулалтыг хийж, бүрэн дэмжлэг үзүүлнэ. 

Нийслэл бизнес, хөрөнгө оруулалтад ээлтэй, иргэд амьдрахад таатай хот байгаасай. Салбар хоорондын уялдаа, бодлогын дэмжлэг, хууль эрх зүйн зохицуулалтыг богино хугацаанд авч хэрэгжүүлснээр бид эдийн засгаа тэлж чадна” гэв.