Өнгөрсөн амралтын өдрүүдээр АНУ-ын цэргүүд Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан.
Үүний дараа тус улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр 2018 оноос хойш дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй Делси Родригес томилогдоод байна.
Родригес дэд ерөнхийлөгч байх хугацаандаа Сангийн сайд болон Газрын тосны сайдын албыг үүргийг хавсран гүйцэтгэсэн. Энэ нь түүнийг Венесуэлийн эдийн засагт чухал байр суурьтай, хувийн хэвшилд ихээхэн нөлөө бүхий хүн болгожээ.
Өдгөө 56 настай түүнийг харьцангуй уян хатан байр суурьтай гэж үздэг ч Мадуро социалист засгийн газраа тууштай хамгаалдгийнх нь төлөө Родригесийг “бар” хэмээн нэрлэдэг.
2018 оны зургаадугаар сард түүнийг дэд ерөнхийлөгчөөр томилохдоо Мадуро Родригесийг “Залуухан, зоригтой, туршлагатай, баатарлаг тэмцэгчийн охин, хувьсгалч, мянган шалгуураас шалгарсан хүн” хэмээн тодорхойлжээ.
Өнгөрсөн бямба гарагт Мадурог баривчилсны дараа Родригес АНУ-ын засгийн газраас Мадуро болон түүний эхнэр Силия Флоресийн амьд эсэхийг нотлох баримт шаардаж, АНУ-ын үйлдлийг хатуу, ил тод шүүмжилсэн юм.
Мөн Родригес "Энэ улсад нэг л ерөнхийлөгч байгаа нь Николас Мадуро" хэмээн телевизийн шууд дамжуулалтаар мэдэгдсэн.
Хөдөлмөрийн хуулийн чиглэлд мэргэшсэн тэрбээр Франц болон Их Британид магистр, докторын зэргээ хамгаалсан. Олон нийтийн арга хэмжээнүүдэд тансаг брэндийн хувцас өмсөж ирдгээрээ олны анхааралд өртсөн байна.
Дэд ерөнхийлөгчийн хувиар тэрбээр АНУ-ын хориг арга хэмжээний улмаас олон жил үргэлжилсэн гиперинфляцийн дараа төрийн зардлыг танах, зээлийг хязгаарлах, доллар–боливарын тогтмол ханш тогтоох зэрэг ортодокс бодлого хэрэгжүүлснээр гурван оронтой инфляцыг бууруулахад нөлөөлжээ.
Түүний эцэг нь зүүний тэмцэгч, Социалист Лиг намыг байгуулсан Хорхе Антонио Родригес юм.
Түүнийг 1976 онд АНУ-ын бизнесменийг хулгайлсан хэрэгт холбогдсон шалтгаанаар баривчилсан бөгөөд тэрээр хорих ангид нас барсан. Гэр бүлийнхэн нь түүнийг эрүүдэн шүүлтийн улмаас амиа алдсан гэж үздэг.
Харин Родригесийн ах нь Үндэсний Ассамблейн даргаар ажилладаг.
Эх сурвалж: Aljazeera