1977 оноос эхтэй хамгийн олон өдөр уралддаг, авто болон мото спортын олимп гэгдэх алдарт “Дакар ралли 2026” уралдаан Саудын Арабад эхлэхэд 10 хоног үлдлээ. Ирэх нэгдүгээр сарын 3-наас эхлэн 14 хоног үргэлжлэн явагдах уг уралдааны мотоциклын төрөлд Монгол Улсаас хоёр тамирчин оролцохоор болсон. Эр зоригийн олимпод гавьяат тамирчин Э.Халиунболд болон олон улсын хэмжээний мастер П.Мөрөн нар уралдана. “Тал нутгаас Дакарт” төсөл энэ жилээс эхлэн хэрэгжиж байгаа аж. Энэ хүрээнд мотоциклын төрөлд хоёр тамирчин уралдахаар болжээ.
Гавьяат тамирчин Э.Халиунболд АНУ-д бэлтгэлээ хангаад араб руу очихоор болсон байна. Харин П.Мөрөн энэ сарын 27-д Арабыг зорихоор болжээ.
Энэ жилээс эхлэн хэрэгжиж буй “Тал нутгаас Дакарт” төслийн багийг Э.Ууган-Эрдэнэ ахлан ажиллаж байна. Авто спортын олимп болсон Дакарт мэргэжлийн тамирчин, механикч, менежер, медиа гээд 14 мянга орчим хүн цуглахаар тооцоолжээ. Тиймээс Монгол Улсаас хоёр тамирчнаас гадна багийн арын албыг хариуцах төлөөлөл Арабыг зорих бэлтгэлээ хангаж байгаа талаар Э.Ууган-Эрдэнэ хэллээ.
46 дахь удаагийн “Дакар ралли” 2026 оны нэгдүгээр сарын 3-д нээлтээ хийж 14 хоногийн турш үргэлжлэн явагдана.