Д.Манлайбаатар: 05 дугаар ангийн алба хаагчийг  шүүх эмнэлэгт үзүүлсэн

Дотоод цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчид нэгнээ зодож буй бичлэг өчигдөр цахим орчинд нийтлэгдсэн. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй шалгалтын ажиллагааг эхлүүлээд буй энэ талаар холбогдох албадаас мэдээлэл өглөө.

Дотоод цэргийн 05 дугаар ангийн захирагч хурандаа Манлайбаатар "Өчигдөр орой 22.30 цагийн үед 05 дугаар ангийн алба хаагч дүрмийн бус үйлдэл гаргасан гэдгийг бид цахим орчноос олж мэдээд их цочирдлоо.  Уг асуудалд Дотоодын цэргийн штаб, СХД-ийн цагдаагийн байгууллага хамтран хойшлуулшгүй шалгах ажиллагаа явуулж байна. Мөн бид ХЭҮК-той хамтран ажиллаж байна.

Тухайн алба хаагчийг шүүх эмнэлгийн байгууллагад үзүүлсэн. Түүнчлэн цэргүүдэд эрүүл мэндийн эрсдэл үүссэн эсэхийг тогтоолгохоор Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт үзлэгт хамруулсан. Урьдчилсан байдлаар шүүх шинжилгээний үзлэгийн дүгнэлт хэвийн, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагагүй гэж гарсан. Одоогоор өөр илүү бусад мэдээллийг өгөх боломжгүй. Шалгалтын явцад цаашлаад илүү нарийн шинжилгээнүүдийг хийж, шалгах учир өөр илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй байна. 

Одоогийн байдлаар бусад алба хаагчдыг гэр бүлтэй нь холбоо тогтоолгож, утсаар яриулсан. Тус бичлэг дээр болж байгаа асуудал  цэргийн албан хаагчдын ахуйн хэрэглээний буюу хувцас сольдог, угаадаг өрөөнд болсон байсан. Хяналтын камерыг нойл, шүршүүр, хувцас солих өрөөнд байршуулах боломжгүй учир ийм асуудал боллоо. Тухайн цэргүүд 2025 оны нэгдүгээр ээлжээр энэ жил татагдсан" гэлээ.