Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй гишүүдийн өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Төрийн бүтээмж, хэмнэлтийн зөвлөлийн ажлын албанаас хийсэн судалгаагаар “зөвшөөрөл” гэж нэрлэгдээгүй ч бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардагддаг, төрийн байгууллагаас олгож байгаа үйл ажиллагаа эрхэлдэг баримт бичгүүдийг түүн үзэхэд бүртгэл 264, дүгнэлт 232, гэрчилгээ 132, магадлан итгэмжлэл 30, сертификат ес байна гэсэн үр дүн гарч, Зөвшөөрлийн тухай хуульд заагаагүй, зөвшөөрөл шаардахгүй үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн, чөлөөтэй эрхлэх зохицуулалттай зөрчил үүсгэж байгааг тогтоожээ.
Түүнчлэн Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 378 хуульд хиймэл оюунд суурилсан хууль зүйн дүн шинжилгээ хийж үзэхэд эдийн засгийн эрх эрх чөлөөг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэж байгаа 228 хууль, эдийн засгийн эрх, эрх чөлөөг шууд зөрчиж байгаа 110 хууль байгааг илрүүлж, холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах зөвлөмж гаргасан болохыг Н.Учрал дарга танилцуулгадаа тодотголоо.
Зөвшөөрөл олгоход 20-30 төрлийн шаардлага тогтоож, зөвшөөрөл олгох процессыг хүндрүүлж байгаа нөхцөлийг өөрчилж, зөвшөөрөл олголтын болон зөвшөөрөл авсны дараа зөвшөөрөл эзэмшигчид тавигдах нөхцөл, шаардлагыг ялгамжтай тогтоож, олон төрлийн баримт бичиг шаардагддаг байдлыг багасгаж, зөвшөөрөл олголт, явцын хяналтын тэнцвэртэй тогтолцоог бүрдүүлэхээр төсөлд холбогдох зохицуулалтуудыг тусгажээ.
Зарим салбарт нэг төрлийн үйл ажиллагааг эрхлэхэд зөвшөөрөл авахад 3-4 жил зарцуулдаг байдлыг Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн, тухайлбал барилгын салбарт 16 давхар барилгын ажил эрхлэх нэг төрлийн үйл ажиллагаа эрхлэхэд гурван төрлийн тусгай зөвшөөрөл авч 3-4 жил зарцуулдаг байдлыг бүрэн халж, нэг төрлийн зөвшөөрөл авч хуульд заасан 22 өдөрт багтаан олгохоор тусгасан байна.
Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу зөвшөөрлийг 20 хоногт магадлан шалгах ажиллагааг хийж, сунгадаг нөхцөлийг хялбаршуулж, зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчөөгүй болох нь хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд ажлын хоёр өдөрт шууд сунгах талаар зохицуулж, зөвшөөрлийн тогтолцоо, хяналтын тогтолцоог уялдуулан аж ахуйн нэгжүүдэд учруулах дарамтыг багасган хуульд тусгажээ.
Энгийн 120 зөвшөөрөл олгох, 30 мэдэгдэл бүртгэх эрхийг салбарын мэргэжлийн нэгдсэн холбоогоор дамжуулан гүйцэтгүүлж, төрийн чиг үүргийг шилжүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тусгасан байна.
Тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатай олгож байгааг 10, энгийн зөвшөөрлийг гурван жилийн хугацаатай олгож байсныг таван жил болгон нэмэгдүүлж, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн бизнесийн тогтвортой байдлыг хангаж, зөвшөөрлийг сунгахтай холбоотой дарамтыг багасгахаар төсөлд тусгасан байна.
Тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх нийт 32 төрлийн үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлд шилжүүлэхээр тусгаж, эрх бүхий этгээд хуульд заасан хугацаанд энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хэрвээ өгөөгүй бол 30 хоногийн дараа зөвшөөрөл олгосонд шууд тооцох боломжтой болгохоор хуульчлах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон 17 гишүүний 12 нь буюу 70.6 хувийн саналаар дэмжлээ.