Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар дотоод цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчид нэгнээ зодсон асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр "Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж цэргийн ангиудаар явуулж хяналт, шалгалт хийлгэнэ. Сургалт сурталчилгааны бүх арга хэмжээг авч ажилла. Ахиад ийм хэрэг гарахгүй болтол нь хариуцлага тооцож ажиллах хэрэгтэй. Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба генерал ч гэсэн бүх цэргийн ангиудаар явж хяналт шалгалт хийх ажилд оролц.
Цэргийн алба бол хүнийг сургадаг, соён гэгээрүүлдэг, эх оронч үзлийг төлөвшүүлдэг болохоос биш ардын хүүхдүүдийг дэглэдэг газар байж болохгүй. Тиймээс энэ талаар цогц арга хэмжээ авч хэрэгжүүл. Энэ ажлыг Д.Мөнх-Эрдэнэ, Д.Баасандамба дэд сайд нар хэрэгжүүлнэ" гэжээ.