Э.Амартүвшин “Opera star-International Opera Awards-2025”-аас

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ. Энэ удаа Италийн Ром хотын дуурийн театрын тайзнаа гардан авч, гала тоглолтод оролцжээ. 2010 оноос олгосон эл шагналыг Э.Амартүвшин 2020 онд анх удаа хүртсэн юм. Тухайн үед коронавирусын цар тахлын улмаас шагналаа авч чадалгүй хойшилсон байдаг. Энэ жил түүний дэлхийн шилдэг баритон шагналыг гардуулан өглөө. 

Манай дуучны хувьд дэлхийн шилдэг театруудын тайзнаа тогтмол уригдан тоглож буй. Мөн суут Ж.Вердийн бүтээлүүдийг хоолойн хүч, жүжиглэлт зэрэг бүхий л талаараа төгс амилуулж ирснийг мэргэжилтнүүд тодотгодог. Цаашлаад зөвхөн дуулах бус, түүний урлагт үзүүлэх нөлөө, шинэ үеийн дуучдад үзүүлж буй үлгэр жишээг нь үүгээр үнэлж буй бөгөөд дэлхийн хэмжээний баритон болсны бас нэгэн баталгаа юм.