Биатлоны шигшээ баг ирэх сард “Дэлхийн цом”-д өрсөлдөнө

Өвлийн спортын хамгийн сонирхолтой төрлийн нэг болох биатлоны “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн ирэх нэгдүгээр сарын 8-д Германд эхэлнэ. Энэ тэмцээн нь олимпын наадмын сүүлийн том сорил юм. Уг тэмцээнд Монголын биатлоны шигшээ багийн тамирчид оролцохоор бэлтгэл сургуулилтаа Австри улсад хийж байна.

Монголын биатлоны шигшээ багийн бүрэлдэхүүнд Европын залуучуудын аварга, ОУХМ Э.Энхсайхан тэргүүтэй Ж.Гантулга, Б.Анхболд, М.Должинсүрэн, Х.Сумъяа нарын тамирчид багтаж байгаа. Тэд Беларусь улсын гавьяат дасгалжуулагч Александр Владимирович Попов болон Зайцев Слав нарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа Австрид хийж байна.

"Милан-Кортина 2026" өвлийн олимпын наадамд нэг эрх авахыг зорьж буй биатлоны шигшээ багийн тамирчид ирэх сард Германд болох “Дэлхийн цом”-ын дараа шинэчилсэн чансааг хүлээх юм. Биатлоны тамирчдын хувьд 2026 оны нэгдүгээр сарын 18-д олимпод өрсөлдөх тамирчдын нэрс тодрох аж.