Өнгөрсөн сарын сүүлээр Зүүн өмнөд Азийн зарим орныг хар салхи дайрч, аадар бороо орсны хор уршиг үргэлжилсээр байна. Тухайлбал, Индонези, Шри Ланка, Тайланд, Малайз улсад аадар бороо, үерийн гамшиг болж 1,150 гаруй хүний амь насыг авч одсон. Үерийн хохирлын цар хүрээ асар их бөгөөд эрэн хайх, аврах ажиллагаа тухайн улс орнуудад үргэлжилсээр байгаа юм. Индонези улс хамгийн их хохирол амсжээ. Тус улсад хар салхи, аадар бороо, үерийн гамшгаас болж 604 хүн амиа алдсан бөгөөд 464 хүн сураггүй хэвээр байна. Шри Ланкад Дитва хар салхины улмаас 366 хүн нас барж, 366 хүн сураггүй байна. Харин Тайландад 176 нас баралт, Малайз улсад гурван нас баралт бүртгэгджээ.
Шри Ланка болон Индонези улс дотооддоо цэргийн албан хаагчдыг гамшигт хамгийн их нэрвэгдсэн бүс нутагтаа илгээжээ.
Шри Ланкийн жүжигчин, хөгжимчин Г.К. Регинолд Коломбо хотын захын хорооллуудаар моторт завиар явж, хүнд байдалд орсон хүмүүст хоол хүнс, ус хүргэж байгаа аж.
Ноён Регинолдын хэлснээр, зарим гэр бүлүүд Өмнөд Азийн арлын улсын сүүлийн жилүүдэд тохиолдсон хамгийн хүнд цаг агаарын гамшгаас болж хэдэн өдрийн турш тусламж аваагүй байгааг онцолжээ.
Гэхдээ энэхүү үер нь ард түмний дунд сайн дурын үйлсийг өдөөж байгаа бөгөөд тус улсын ерөнхийлөгч "Түүхэн дэх хамгийн хүнд хэцүү байгалийн гамшиг" тохиолоо хэмээн тодорхойлсон юм.
"Би үүнийг хийхийг хүссэн гол шалтгаан нь тэдэнд ядаж нэг удаа хооллоход нь туслах явдал юм" гэж ноён Регинолд BBC-д ярьжээ.