МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Хуралдаантай холбоотойгоор УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Бага хурал дүрмийнхээ дагуу удирдах зөвлөлийн гишүүдийг томилдог. Ялсан намын дарга нь Ерөнхий сайд байна гэдгийг нарийн тодруулж, хяналтын дүрэмд өөрчлөлт оруулсан. Намын Ерөнхий нарийн бичгийн даргыг солих талаарх асуудлыг би мэдэхгүй. Намын дарга хэнтэй, хэрхэн ажиллахаа өөрөө сонгож, шийднэ. Намын дарга өөрөө Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн дарга болон нарийн бичгийн дарга нарыг сонгодог.

Гэхдээ энэ нь намын дарга бүх асуудлыг шийднэ гэсэн үг биш. Бид, Үндсэн хуульдаа том өөрчлөлтийг оруулсан.

Парламентыг холимог тогтолцоонд шилжүүлж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосон. Үүний гол зорилго нь олон намын тогтолцоо, ардчилал олон ургалч үзлийг дэмжих. Хэрвээ бид намаа бодож сонгуульд ялахыг хүссэн бол сөрөг хүчин цөөнтэй байхыг бодно. Гэхдээ улс орныхоо эдийн засаг, ардчилсан нийгмийн бүтцийг хөгжүүлэх бодлого баримталсан” гэв.