Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 165 дугаар зарлигийн дагуу “Чингис хаан” цомыг Монгол бахархлын өдрийн барилдааны түрүү бөхөд олгож байхаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Их эзэн Чингис хаан мэндэлсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан “Чингис хаан” цомын төлөө улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 21-ний Баасан гаригийн 12:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхлэх хуваарьтай байна. Тус барилдаанд өнгөрсөн жил Улсын харцага Э.Даш түрүүлж, “Чингис хаан” цомын анхны эзнээр тодорч байсан юм.
Тодотговол, “Чингис хаан” цомыг 2024 оноос анхлан олгож эхэлсэн юм. Уг цомыг “Монгол бахархал”-ын өдрөөр зохион байгуулах чансаа өндөр хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн хүчтэнд олгоно.
“Чингис хаан” цом нь 126 см өндөр, 18 кг жинтэй бөгөөд хүрэл цутгамал, алтан шармал цом ба цомын нүүрэн талд “Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэж монгол бичгээр бичсэн байдаг.
Харин ар талд Их эзэн Чингис хааны онги тамгыг мөнхөлсөн байна билээ. “Чингис хаан” цомыг уран бүтээлч, зураач, дизайнер С.Чулуунбаатар бүтээсэн бөгөөд дөрвөн зүг найман зовхист амьдран суугаа монголчууд амар амгалан, дайчин цогтой, хийморьлог байж, Монгол Улс мөнхөд оршин байх бэлгэдлийг дүрслэн урласан аж. Тус цом нь Монгол бахархлын өдөрт зориулсан барилдааны түрүү бөхөд шилжин явах юм. Харин “Чингис хаан” цомын жижиг хувилбарыг жил бүрийн түрүү бөхөд үүрд хадгалуулна гэсэн байдаг.