Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн "Цагаан үзэг" холбооны сэтгүүлчдэд үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгсөн юм. Тус төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга Б.Алтантулга Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгсөн юм.
Донорын тухай хуульд 2012 оноос эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын талаарх зохицуулалт орсон бол 2018 онд амьгүй буюу тархины үхэлтэй донорын талаарх зохицуулалтыг тусгаж, мөн онд Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулагджээ.
Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг амьд болон амьгүй донороос хийж болно. Амьд донор бол эмчлүүлэгчийн гэр бүлийн гишүүн буюу хүүхэд, эхнэр, нөхөр, аав, ээж, ах, дүү, хамаатан садан, эсвэл гэрлэгч талын ах дүү хамаатан садан нь донор болж болно.
Амьгүй донор /diceased donor/ бол гэр бүлийн гишүүд дотор нь тохирох донор олдохгүй бол амьгүй донорын хүлээх жагсаалтад бүртгүүлж, сонгогдвол мэс засалд орно 2025 оны 10-р сарын байдлаар 1044 хүн амьгүй донор хүлээх жагсаалтад бүртгүүлээд байна.
Амьгүй донор нь олон улсад тархины болон зүрхний үхэлтэй донор гэсэн хоёр төрөл байдаг. Хөгжсөн улс орнуудад тархины болон зүрхний үхэлтэй донороос эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгадаг бол Монголд зөвхөн тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгаж байна.
Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлсэн улс орнуудын 90 гаруй хувь нь тархины үхэлтэй донороос, 10 гаруй хувь нь зүрхний үхэлтэй донороос эрхтэн авдаг. Зүрхний үхэл нь илүү нарийн шинжилгээ, техник тоног төхөөрөмж шаарддаг. Жишээ нь, ковидын үед хэрэглэсэн Монголд ганц байдаг ЭКМО аппарат шаардлагатай.
Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа нь ашгийн төлөө бус сайн дурын үндсэн дээр, бусдын дарамт шахалтаар бус, хүнлэг энэрэнгүй сэтгэлд тулгуурлах ёстой.
Донорын тухай хуульд зааснаар донор болох насны доод хязгаар 21.
Тархины үхэл гэж юу вэ?
Тархи болон тархины багана хэсгийн бүх үйл ажиллагаа эргэн сэргэхгүйгээр алдагдсан үеийг тархины үхэл гэж тодорхойлно. Тархины үхэлд орсон эсэхийг мэргэжлийн баг стандартын дагуу багажийн болон багажийн бус шинжилгээгээр оношилдог.
Жишээ нь, MRI оношилгоогоор эрүүл тархины зураг бол судас салаалсан цусны урсгалтай харагдана. Харин тархиы үхэлд орсон бол цусны урсгалгүй болсон байдаг. Давхар тархины цахилгаан бичлэгийн аппаратаар оношлоход эрүүл, сэтгэн бодож байвал цахилгааны бичлэгийн долгионууд нь далайцтай хэлбэлзэнэ. Тархины үхэлд хүрсэн бол ямар долгионгүй, зураас болж харагдана. Энэ мэт багажийн хэд хэдэн шинжилгээгээр оношилохын дээр мэргэжлийн багийн эмч нар нүд, чих, тархины болон залгих рефлексийг шалгах багажийн бус хэд хэдэн шинжилгээг хийсний дараа тархины үхэлд хүрсэн гэх эцсийн оношилгоо хийнэ. Эхний үзлэгээр дээрх шинжилгээнүүдээс ганц нь л эерэг гарвал тархины үхэл гэж үзэхгүй. Бүх шинжилгээний хариу сөрөг гарвал тархины үхэл гэсэн эцсийн онош тогтооно.
Тархины үхлийг тодорхойлох мэргэжлийн эмч нарын баг бүх төрөлжийн болон тусгай мэргэжлийн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төвүүд гэсэн 22 эмнэлэгт байгуулагдсан. Эмнэлэг бүрд тухайн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч захирлаар ахлуулсан дүрс оношилгоо, чих хамар хоолой, нүд, мэдрэлийн эмч гэх мэт нарийн мэргэжлийн эмчийн бүрэлдэхүүнтэй баг ажилладаг.
Мэргэжлийн эмчийн баг эхний удаа үзээд батлагдвал зургаан цагийн зайтай дахин үзлэг хийж батална. Батлагдвал Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанд хандана.
Тус албаныхан донорын гэр бүлтэй уулзаж донор болох хүсэлт тавьдаг. Олон улсад хэрэглэж буй донор болох зөвшөөрлөө илэрхийлэх OPT-OUT, OPT-IN систем гэж юу вэ?
OPT-OUT- нь би донор болохоос татгалзаж байна гэсэн зөвшөөрлийг бичгээр гаргаагүй л бол тархины үхэлд хүрсэн тохиолдолд донор болгодог. Энэ нь Европын холбооны орнууд буюу эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал өндөр түвшинд хөгжсөн орнуудад нэвтэрсэн.
OPT-IN- хувь хүний эрхэд нь тулгуурладаг учир амьд байх хугацаандаа донор болохыг зөвшөөрдөг. Эсвэл амьгүй донор гарсан тохиолдолд гэр бүлээс нь зөвшөөрөл авч байж, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийгддэг. Энэ системийг эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хөгжиж буй улс орнууд хэрэглэж, олон нийтэд энэ системээ ойлгуулсны дараа OPT-OUT системд шилждэг. Манай улс OPT-IN системийг хэрэгжүүлж байна.
ЗҮРХ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ҮНДЭСНИЙ БАГИЙГ БАЙГУУЛЛАА
Монголд зүрх, судасны тогтолцооны өвчнүүд болон осол гэмтлийн шалтгаант нас баралт тэргүүлдэг. Сүүлийн 10 жилийн дунджаар Монголд жилд 17 мянган хүн нас барснаас 31.9 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчнөөр хорвоог орхиж байна.
Тус алба 2018 онд байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл донор эмнэлгүүдээс 11818 мэдээлэл авч, 278 боломжит донор илрүүлснээс 206 нь шалгуур хангаагүй. Үүнээс 72 нь шалгуурт тэнцсэн буюу элэгний вирус болон бусад халдварт өвчингүй, архаг хууч өвчингүй гэсэн үг.
Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны мэргэжилтнүүд энэ 72 гэр бүлтэй уулзаж, донор болох хүсэлт тавихад 37 нь зөвшөөрч, 35 нь татгалзжээ. Сүүлийн жилүүдэд иргэдийн мэдлэг ойлголт сайжирсан ч тодорхой шалтгааны улмаас энэ үзүүлэлт буурсан. Ар гэрийнхэн нь зөвшөөрсөн 37 донороос 31 нь бодит донор болж,
35 хүнд бөөр
27 элэг
173 шөрмөс шилжүүлэн суулгах мэс засал хийсэн. Ингэснээр нийт 72 хүнд амьдрал бэлэглэж, амьдралын чанарыг сайжруулсан.
ЗУРГААН ЭМНЭЛЭГТ ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА
Монголд УНТЭ, ХСҮТ, ГССҮТ, ЭХЭМҮТ, УХТ, ЦТЭ/Цэргийн төв эмнэлэг/ -д эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийж байна.
Зүрх шилжүүлэн суулгах УНТЭ, УГТЭ-ийн хамтарсан үндэсний багийг ЭМС-ын тушаалаар 2022 онд байгуулж, бүх шатны сургалтууд, шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангагдсан. Гахайнаас гахайд зүрх шилжүүлсэн суулгах туршилтын мэс заслыг хоёр удаа амжилттай хийсэн бөгөөд энэ мэслыг хийх боломж бүрджээ. Мөн нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслын баг байгуулагдаж, бэлтгэл шатны ажлууд хийгдсэн байна. Ингэснээр олон улсад хийж буй эрхтэн шилжүүлэн суулгах бүх мэс заслыг нэвтрүүлэх чиглэлээр ажил урагштай өрнөж байна.
2024 ОНЫ 7-Р САРААС ХОЙШ АМЬГҮЙ ДОНОРООС ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСАЛ ХИЙГЭЭГҮЙ
2018 онд анх амьгүй донороос хоёр хүнд эрхтэн шилжүүлэн суулгаснаас хойш энэ төрлийн мэс засал жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байсан ч 2024 оны долоодугаар сараас хойш амьгүй донороос нэг мэс засал хийгээгүй, зогсонги байдалд оржээ. Гэвч донорын хүлээх жагсаалтад хүнд өвчтэй 1000 гаруй хүн донор гарахыг хүлээж байна.
2019 онд 19 хүнд амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийсэн нь энэ төрлийн мэс заслын оргил үе байв.
МОНГОЛД 6000 ГАРУЙ ИРГЭН ДОНОРЫН КАРТ АВААД БАЙНА
Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийж буй улс орнууд донорын картыг нэвтрүүлсэн байдаг. Жишээ нь, АНУ-ын иргэдийн жолооны үнэмлэх дээр донорын тэмдэглэгээ байдаг. Энэ нь хэрэв цус харвалт, осол гэмтэлд өртөж тархины үхэлд орвол донор болоход бэлэн гэдгээ нотолж буй хэрэг. Энэ бол муу ёрлож буй зүйл биш бөгөөд буддын шашинд бусдын амь насыг аврах нь өглөгийн дээд буян гэж үздэг. Нэг амьгүй донор хамгийн багадаа найман хүнд амьдрал бэлэглэх боломжтой гэж үздэг байна.
Манай улс 2024 он хүртэл 300 гаруй иргэнд донорын цаасан карт олгосон бол одоо цахимжуулжээ. 2024 оны байдлаар 4700 гаруй иргэн донор болохоо мэдэгдэж, карт авсан бол 2025 оны 10-р сарын байдлаар энэ тоо 6000 гаруй болжээ. Сүүлийн үед залуус энэ мэс заслын талаар зөв ойлголттой болж, донорын карт авах нь эрс нэмэгдсэн байна.
Иргэд И-Монголиа-гийн Үйлчилгээ цэснээс Донорын зөвшөөрлийн хүсэлт хэсэгт нэвтэрч донорын карт авах боломжтой. И-Монголиа систем дэх өөрийн хуудаст орвол тухайн хүний иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, гадаад паспортын ард донорын карт дөрөв дэх бичиг баримт болон байршсан байдаг. Энэ симтем рүү хоёр шат дамжлагаар нэвтэрч ордог тул мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангасан гэж үзэж болно.
ДЭМБ-ын Global Observatory on Donation and Transplantation /GODT/ байгууллагын мэдээгээр дэлхийд 82 улс орон эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийж байгаа бол 72 нь амьгүй донороос энэ мэс заслыг хийж байна.
Хөгжсөн улс орнуудад тухайн өвчтөний амь нас 10-аадхан хоногоор тоологдож буй үед аргагүйн эрхэнд амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бусад бүх тохиолдолд амьгүй донороос энэ мэс заслыг хийдэг байна. Харин Монгол Улсад 90 хувь нь амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгадгийг олон улсын жишигт нийцүүлэх нь иргэндээ илүү ээлтэй шийдвэр болохыг Б.Алтантулга эмч онцолж байв.