Монголд 132 улсын 37939 гадаадын иргэн оршин сууж байна

Монгол Улсад 2025 оны аравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 132 улсын 37939 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй байна. Эдгээр иргэдийн 537 иргэн нь албан  зорилгоор оршин сууж байгаа бол 21723 иргэн хөдөлмөр эрхэлж байгаа аж. Тэгвэл 5087 иргэн суралцаж, 1769 иргэн цагаачлалаар, 141 иргэн шашны зорилгоор оршин сууж байна. Мөн хөрөнгө оруулах зорилготой 5248 иргэн оршин сууж байгаа бол 2431 иргэн гэр бүлийн зорилгоор, 993 иргэн хувийн болон бусад гэсэн зорилгоор манай улсад оршин сууж байгаа ажээ.

Эдгээр иргэдийг улсаар нь авч үзвэл АНУ-ын 1004, БНСУ-ын 1594, БНХАУ-ын 24626, ОХУ-ын 2720 иргэн, бусад улсын 7995 иргэн байна.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно” гэж заасан байдаг.

Хуулийн дагуу авч үзвэл Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь буюу 106345 гадаадын иргэн, үүнээс нэг улсын 35 мянга гаруй иргэн Монгол Улсад оршин суух боломжтой юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хувийн хэргээр оршин сууж байгаа гадаадын иргэдийн нийт тоо нь Монгол Улсын нийт хүн амын 1.05 хувийг эзэлж байгаа бөгөөд үүнээс Монгол Улсад хамгийн олон иргэд оршин сууж байгаа БНХАУ-ын иргэд 0.69 хувь, ОХУ-ын иргэд 0.07 хувь, БНСУ-ын иргэд 0.03 хувь, АНУ-ын иргэд 0.02 хувийг тус тус эзэлж байгаа гэж Гадаадын иргэн харьяалтын газраас мэдээлэв.