Экологийн цагдаагийн албанаас энэ оны арваннэгдүгээр сард хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор хяналт, шалгалт зохион байгуулан ажиллаа. Тодруулбал, хяналт шалгалтын хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Орхонтуул сумын нутаг дэвсгэрт хууль бусаар тусгай зөвшөөрөлгүй талбайд ашигт малтмал олборлож байжээ.
Сэлэнгэ аймгийн гурван сумд гэмт хэргийн шинжтэй зургаа, зөрчлийн хоёр үйлдлийг илрүүлэн ууланд нууж байрлуулсан экскаватор 20, ковш 3, Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл гурвыг тус тус олж тогтоон уулнаас татан байршуулсан байна. Сэлэнгэ аймгийн байгаль орчны газарт хүлээлгэн өгч гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлүүдийг Цагдаагийн байгууллагын гомдол мэдээлэлд бүртгэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн талаар албаныхан дурдаж байна.
Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйл 1-д Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол 5.4-27 сая төгрөгөөр торгох, 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг аж.