УИХ-ын чуулганы өнөөдрийн хурлаар 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Эрүүл мэндийн даатгалын сан /ЭМДС/-д үүссэн нөхцөл байдлын шалтгаан нь улс төрөөс үүдэлтэй. 2012-2016 онд миний бие намуудыг оролцуулаад, олон улсын байгууллагатай хамтран маш зөв тогтолцоотой Эрүүл мэндийн даатгалын тухай хууль баталсан. 

Гэтэл 2016 онд МАН олонх болоод зөв байсан тогтолцоог буруу болгож, Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлснээс энэ бүх асуудал үүссэн. 

Та нар ЖДҮ сан, Тариалан эрхлэх сан гээд маш олон санг тоноод дуусгасан. Одоо ЭМДС-г тоноод дуусгах гэж байна. Би өчигдөр УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан. Энэ нь Эрүүл мэндийн даатгалын газрыг яаралтай ЭМЯ-ны харьяаллаас гаргах тогтоолын төсөл юм. 

ЭМЯ өөрөө чанартай тусламж үйлчилгээг худалддаг газар болохоос худалдагчдаа бүх мөнгөө өгдөггүй юм. 

Иймд энэ газрыг яаралтай салгаж, эрүүл мэндийн даатгал төлөгчдийн мөнгийг хамгаалалтад авах шаардлагатай байна. Даатгал төлөгчдийн мөнгөөр төсвийн цоорхойг нөхөх, өөрсдийн хулгай, сонгуулийн шоунд ашиглаж болохгүй. Энэ маш том гэмт хэрэг шүү" гэв.