Х.Ганхуяг: Нэмэлт санхүүжилт гаргаж аймгуудад татаас өгөх шаардлагатай байна

Шадар сайд Х.Ганхуягаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, "Төсвийн шаардлага хангах эсэх асуудал гэж бий. Үүний дагуу зураг төсөлгүй, ТЭЗҮ-гүй төслүүд хасагддаг. Өргөн баригдсан үеийн төсөл дээр аудитын дүгнэлт гарсан төслүүд байсан. Тэдгээр төслүүдээс зарим нь хасагдсан. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд хийгдэж байгаад цалин, бараа материалын үнийг өсөлтөөс болоод аудитын дүгнэлтээр санхүүжилт нь тодорхой болсон төслүүд байгаа. Эдгээр төслүүдээс 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд оруулсан.  Түүнчлэн бүсчилсэн хөгжил гээд 2024 оноос хойш Засгийн газар ч тэр, гишүүд ч тэр өөрсдийн бүсэд ажлаад, зураг төслийг нь хийлгээд ирчихсэн төслүүд байсан. Эдгээрээс тодорхой хэмжээнд ажлуудыг нь эхлүүлэх зорилгоор хөгжлийн төлөвлөгөөнд оруулсан байгаа.

Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд яг одоо тулгамдсан асуудал гэвэл өвөлжилтийн бэлтгэл ажил байна. Улсын онцгой комиссоос гарсан өмнөх шийдвэрүүд байгаа. Тус шийдвэрүүдийн хэрэгжилттэй холбоотойгоор өнөөдөр Онцгой байдлын газрын удирдлагуудыг хүлээн авч мэдээлэл сонссон.

Үүн дээр үүсч байгаа нэг асуудал гэвэл, бид урсгал зардлыг хамаагүй танаад явахаар аймгуудын нөөц сангийн дутагдалд ороод улмаар өвс тэжээлийн хомсдолд орох эрсдэлтэй байгаа. Тэгэхээр дараагийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын нөөц сангаас болон, Засгийн газрын тусгай сангуудаас тодорхой хэмжээний санхүүжилт гаргаж аймгуудад татаас өгөх шаардлагатай гэж харж байгаа. Асуудал бүр хүндрэхээс өмнө зохион байгуулалт хийх хэрэгтэй байна. Тиймээс ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг оруулах бодолтой байна.

Төсвийн тухайд урсгал зардлыг танахдаа хүүхдийн мөнгө, төрийн албан хаагчдын цалин, эрүүл мэнд боловсролын салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, онцгой байдалтай холбоотой зардлаас хасаагүй. Бусад урсгал зардлаас 12.8 хувийг жигд хассан" гэлээ.