Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон улсад хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр /2018.12.12/ эхэллээ.
Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр улсын төр, хувийн хэвшлийн түншлэлийн 9 дэх удаагийн зөвлөлдөх уулзалтад оролцжээ. Мөн тэрбээр Японы олон улсын хамтын ажиллагааны банкны ерөнхийлөгч Т.Маэа бараалхаж хоёр улсын эдийн засгийн харилцааг өргөжүүлэхээ илэрхийлсэн байна.
Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзахаар төлөвлөөд байна.
Японы Засгийн газар нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөг хүртэл олон салбарт эдийн засгийн тусламж, дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд 2018 оны эхний хагас жилд 34 сая ам.долларын туслалцаа үзүүлжээ. Түүнчлэн хоёр орны Стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд дан ганц уул уурхайгаар бус хөдөө аж ахуй аялал жуулчлал, мэдээллийн технологийн салбарын хүрээг тэлэхээс гадна Монгол инженерүүдийг үе шаттай бэлтгэж эхэлсэн. Эхний 200 оюутан Японд инженерийн чиглэлээр суралцаж байна.
Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг,
УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Дэлгэрсайхан. Б.Саранчимэг, БОАЖ-ийн дэд сайд Ц.Батбаяр тэргүүтэй албаны хүмүүс багтан, ажиллаж байна.
Айлчлал энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
Н.Марал