Шинэ үйлдвэр ашиглалтад орлоо

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх оны тавдугаар сараас эхлэн нийслэлд түүхий нүүрсийг ахуйн зориулалтаар түлэхийг хориглох шийдвэрийг гаргаад байсан билээ.

Нийслэлчүүдийн хэрэглэж байгаа түүхий нүүрсний одоогийн хэрэгцээг 600 мянган тонн шахмал түлшээр солих бүрэн боломжтой гэж холбогдох албаныхан үзэж байв. Халаалтын улиралд 4-5 тонн түүхий нүүрс хэрэглэдэг нэг өрх гурван тонн шахмал түлш хэрэглэнэ гэсэн үг юм.

Энэ нь эдийн засгийн хувьд ч тухайн өрхөд ашигтай. Тухайлбал Налайхын таван тонн нүүрсийг /тонн нь 170 мянган төгрөг/ 850 мянган төгрөгөөр худалдан авах бол гурван тонн шахмал түлш /тонн нь 220 мянган төгрөг/-ийг 660 мянган төгрөгөөр авснаар 190 мянган төгрөг хэмнэх тооцоо гарсан байдаг.

Түүхий нүүрсний хэрэглээг хориглож сайжруулсан шахмал түлшээр хангаснаар хорт утааны ялгарал их хэмжээгээр буурч, агаарын бохирдол эрс багасна гэж Засгийн газар үзсэн.

Тэгвэл үүнтэй уялдуулан сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг өнөөдөр ашиглалтад орууллаа.

Утааг бууруулах эцсийн шийдэл бол орон сууцжуулах юм. Үүнд цаг хугацаа хэрэгтэй тул эхний ээлжинд 600.000 тонн сайжруулсан түлш хэрэглэхээр болжээ. Энэхүү сайжруулсан түлш нь агаарын бохирдлыг 50 хувь бууруулах аж. Түүнчлэн түлшний илчлэг 2 дахин их, шатах хугацаа 2 дахин урт аж.