Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Артыкбаев Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд А. Артыкбаевыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

Хоёр орны уламжлалт найрсаг харилцааг улам гүнзгийрүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, мөн Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход Элчин сайд хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв.

Түүнчлэн хамтын ажиллагааг НҮБ зэрэг олон улсын байгууллагын хүрээнд өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгааг онцлов.

Элчин сайд А.Артыкбаев уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, аялал жуулчлал, уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Улаанбаатар-Бишкек чиглэлийн шууд нислэгийг ойрын хугацаанд сэргээхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлэв.