С.Бямбацогт: Төрд бүртгэлтэй суудлын 5,300, ачааны 2,100 орчим машины улсын дугаарын дэвсгэр өнгийг солино

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт төрийн машины улсын дугаарыг хар хөх дэвсгэр өнгөөр ялгаж олон нийтэд ил тод болгох талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Төрийн байгууллагын машинаар дарга нар хүүхдээ сургууль, цэцэрлэгт байнга зөөдөг, баар, ресторан, дэлгүүр хэсдэг, хөдөө гадаа зугаалдаг гэх шүүмжлэл их ирдэг. Тиймээс төрийн машины улсын дугаарын дэвсгэр өнгийг өөрчилснөөр иргэд үүнд хяналт тавих боломжтой болно. 

Монгол Улсын хэмжээнд төрд бүртгэлтэй 14,000 машин бий. Үүнээс суудлын 5,300, ачааны 2,100 орчим машины улсын дугаарын дэвсгэрийг цэнхэр өнгөтэй болгох юм. Эдгээр нь замын түгжрэлд нөлөөлдөг. Харин автобус болон технологийн зориулалттай төрийн машины улсын дугаарын өнгийг солихгүй.

ЗТХЯ-нд 1,256 машин бүртгэлтэй байдаг, тэдгээрийн улсын дугаарын дэвсгэр өнгийг солино. Монгол Улсад тээврийн хэрэгслийн улсын дугаарын 40 гаруй үйлдвэр бий. Манай салбарын машины улсын дугаарыг хямд зардлаар богино хугацаанд үйлдвэрлэж өгөх бол даваа гарагт бидэнтэй холбогдож, саналаа өгөөрэй. Замын түгжрэл эхлэхээс өмнө буюу есдүгээр сарын 1-нээс өмнө өөрчлөхөөр төлөвлөж байна. Ингэснээр түлш, шатахууны зардал, замын түгжрэл багасна.

Төрийн байгууллагын 8,000 орчим машины улсын дугаарыг цэнхэр өнгийн дэвсгэртэй болгох юм" гэв.