Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг анх удаа Азийн цомын тэмцээнд тоглоно

Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах 2-р зиндааны тэмцээн буюу "FIBA Women’s Asia Cup Division B" энэ сарын 13-аас 19-ний хооронд болно. Тайландын Бангкок хотод болох тэмцээнд Монголын эмэгтэй шигшээ баг анх удаа оролцох юм.

Азийн найман баг "Division A"-д шалгарах ганц эрхийн төлөө тоглох бөгөөд "Division A" буюу нэгдүгээр зиндаанд тоглож байсан багуудаас Казахстан, Тайланд, Малайзын шигшээ багууд Бангкокт ирнэ.

Тэмцээний оноолт:

А хэсэг: Индонез, Иран, Малайз, Монгол

В хэсэг: Казахстан, Йордан, Тайланд, Шри Ланка

Харин тус тэмцээнд анх удаа оролцож буй Монголын шигшээ багаас гадна дэвшиж үзээгүй Шри Ланка, Йордан, Иран, Индонезын шигшээ багууд оролцоно.

НАЙМДУГААР САРЫН СПОРТ: 3х3, жүдогийн мастерууд, электрон спортын ДАШТ

Монголын шигшээ багийн хувьд дутуу үнэлэх баг биш гэдгийг FIBA онцолсон. Монголын сагсан бөмбөгийн хөгжил сүүлийн жилүүдэд ахицтай байгаагийн илрэл нь энэ тэмцээн. Үүнээс өмнө эрэгтэй шигшээ баг анх удаа Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд шалгарсан, 18 хүртэлх насны өсвөрийн эмэгтэй шигшээ баг 20 жилийн дараа Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон юм.

Өсвөрийн Азийн аваргад оролцсон бүрэлдэхүүнээс Нямжавын Нандинхүсэл, Батцоожийн Болор-Эрдэнэ нар үндсэн шигшээ багт багтсан. Мөн 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн Бат-Эрдэнийн Ариунцэцэг, Онолбаатарын Хулан, Мөнхсайханы Цэрэнлхам тэргүүтэй тоглогчид үндсэн шигшээ багт тоглоно.