Хорт хавдрыг эмчлэх “дархлаа” технологийг нэвтрүүлнэ

Хавдар судлалын үндэсний төвийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасаг үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойг угтан “Элэгний 7 хоног”-ийг зохион байгуулахаар болжээ.  Энэ талаар ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү өнөөдөр /2023.8.4/ мэдээлэл хийлээ.

Ойн хүрээнд шинжлэх ухаан, эмнэлзүйн сүүлийн үеийн шилдэг туршлага, инновацийн талаар дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн мэргэжилтнүүд бие биенээсээ суралцах үр дүнтэй, дээд түвшний хурал, сургалт, арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулах юм байна.  Тухайлбал, Япон, БНСУ, Франц, Энэтхэг, ОХУ, БНХАУ, Казахстан зэрэг орнуудаас сор болсон эрдэмтэд, эмч мэс засалч нар оролцох ажээ.

Энэ талаар ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү хэлэхдээ “Тэдний нэг удаагийн лекц маш өндөр төлбөртэй болдог ч Монголд ямар ч үнэ төлбөргүй болох учраас энэ боломжийг эрүүл мэндийн салбарынхан бүү алдаасай гэж хүсч байна. Олон улсаас ирсэн зочид Монгол Улсын эмч, мэргэжилтнүүд, эмнэлгийн тусламж үйлчилгээнд үнэлгээ өгөхөөс гадна Монголын эмч, мэргэжилтнүүд тэднээс суралцах боломж нээгдэж байна. Өөрөөр хэлбэл, олон улсын эмч, мэргэжилтнүүдийн хийж байгаа хагалгааны үеийн үйл явцыг цахимаар шууд дамжуулж эмч, мэргэжилтнүүддээ харилцан туршлага судлах боломж нөхцөлийг бүрдүүлнэ. Түүнчлэн элэг, цөс, нойр булчирхайн хавдрын чиглэлээр орчин үед ямар эм, эмчилгээ, мэс засал, эмнэлгийн ямар шинэ арга барил нэвтрүүлж байгааг судлах, суралцах боломж бүрдэж байна” гэлээ.

Түүнчлэн энэ жилээс хавдрын эмчилгээнд дархлаа эмчилгээ гэх шинэ технологийг Монгол Улсад нэвтрүүлэх гэж байгааг тус төвийн захирал онцолсон юм. Дархлаа эмчилгээ нь хавдрын хамгийн сүүлийн үеийн эмчилгээ ажээ. Тус эмчилгээ нь хүний биеийн дархлааны эсүүдийг идэвхжүүлж, түүгээр дамжуулж хавдрыг устгах эмчилгээ юм байна.

Харин одоо ашиглаж байгаа хими эмчилгээ нь хавдрын эсийн эсрэг бүх биеийг хордуулж устгадаг суурь эмчилгээ юм. Одоогоор уг эмчилгээний хажуугаар бай эмчилгээ буюу тухайн хавдрын эсэд нь тохирсон эмчилгээг хийж байгаа билээ.

Шинээр нэвтрүүлэх гэж буй дархлаа эмчилгээ нь үнэ өртөгийн хувьд өндөр учраас өмнө нь хэрэглэж чаддаггүй байжээ. Тэгвэл хэд хэдэн байгууллагын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд гэрээ байгуулснаар дархлаа эмчилгээг хавдрын эмчилгээнд хэрэглэгдэх боломжтой болж, хавдраар өвдсөн иргэдийн амьдрах хугацаа тодорхой хэмжэгээгээр нэмэгдэх боломжтой болох юм.

Монгол Улсад 2021 онд 6000 гаруй иргэн хавдраар өвчилж байсан бол 2022 онд 6882 иргэн хавдраар өвчилжээ. Энэ тоо цаашид 7000 давах магадлалтай байгаа юм.