Эхний хагас жилийн байдлаар 61 мянган автомашин импортоор орж иржээ

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагаас цаг үеийн асуудлаар мэдээллээ.

Энэ үеэр Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн "Бүртгэлийн камерт өнгөрсөн долоо хоногт хамгийн багадаа 336 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон гэж бүртгэгдсэн бол ихдээ 478 мянга бүртгэгдсэн, хөдөлгөөний эрчим нэмэгдэж эхэлж байна. Ачаалал ихтэй гудамж, замуудын байршлыг гаргаж, түгжрэлийн уртыг тооцсон. Түгжрэлд нөлөөлдөг 8-9 цэг байгаа бөгөөд үүнийг үе шаттай шийдвэрлэвэл үр дүнд хүрнэ. Мөн зарим замд нэг чигийн хөдөлгөөний зохион байгуулалт хийснээр хөдөлгөөний эрчим сайжирсан" гэлээ. 

Олон улсад ашигладаг уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтын ангиллыг тооцоолох диаграммын аргачлалаар нийслэл хотын төвлөрлийн бүсийн 54 уулзварын нөхцөл шаардлагыг тодорхойлсон байна. Энэ хүрээнд давхар түвшнээр зохицуулах шаардлагатай 26, тойрог замаар зохицуулах 23, гэрлэн дохиогоор зохицуулах гурав, зохицуулга шаардлагагүй хоёр уулзварын судалгаа гарчээ. Он гарснаас хойш 61 мянган автомашин Монголд импортоор орж ирснээс 59 мянга нь нийслэлд бүртгэгджээ.