Ж.Мөнхбат аваргын хөшөөг төрсөн нутагт нь босголоо

Төв аймгийн Эрдэнэсант сум 100 жилийн ойн баяраараа дархан аварга Жигжидийн Мөнхбатын дурсгалд зориулан хөшөө босголоо.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт, даяар дурсагдах, далай даян, дархан аварга Жигжидийн Мөнхбатын дурсгалд зориулсан уг хөшөөг Эрдэнэсант сумын ерөнхий боловсролын сургуулийн өмнө босгожээ.

Дархан аварга Ж.Мөнхбат 1941оны зургаадугаар сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн. Тэрээр Монгол Улсын чөлөөт бөхийн тамирчдаас хамгийн түрүүн олимп, дэлхийн аваргын медалийг авчирсан. Улсын их баяр наадам болон цагаан сарын барилдаанд зургаан удаа түрүүлсэн домогт хүчтэн юм.