БНСУ-д өнөөдрөөс хоёр долоо хоногийн хугацаанд ажил хаялт зарлалаа

Солонгосын үйлдвэрчний эвлэлийн холбоо (KCTU) засгийн газрынхаа хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг эсэргүүцэж, өнөөдрөөс хоёр долоо хоногийн хугацаанд ажил хаялт зарлалаа.

Ойролцоогоор 400-500 мянган ажилтан ажил хаялтад оролцох төлөвтэй байна. Тэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж, ерөнхийлөгч Юн Сук Ёолыг огцруулах шаардлага тавьж байгаа аж.

Өнөөдөр 3000 орчим ажилтан Сөүл хотын төвд байрлах Гванхвамун талбайд жагсаал зохион байгуулж эхлэх ба лхагва гарагаас Дэгү, Бусан, Квангжу зэрэг бусад хот руу жагсаалыг тэлнэ.

Энэ сарын 15-ны өдөр хүртэл өөр өөр салбарын ажилчид ээлжлэх ба орой нь лаатай жагсаал хийнэ гэдгийг KCTU мэдэгдлээ. Тус улсын хувьд лаатай жагсах нь улс төрийн шударга бус бодлогыг тайвнаар эсэргүүцэж буйг илэрхийлэх жагсаал болдог байна. Лаатай жагсаалыг 4, 7, 11, 14-ний өдрүүдэд зохион байгуулна.

KCTU-ийн дарга “Хөдөлмөрийн шинэчлэлийг зогсоох шаардлагатай байгаа учраас бид бүх нийтийн ажил хаялт зарлаж байна. Бид Юны засгийн газрын эсрэг бүх талаар тэмцэж байгаа бөгөөд уг ажил хаялт нь эхний алхам" хэмээн ярив.

Харин Солонгосын засгийн газраас жагсаалын өдрүүдэд 9300 цагдааг дайчлан, хууль бус үйлдэл гарахаас сэрэмжлэн ажиллана гэдгийг мэдэгджээ.

Ерөнхийлөгч Юн долоо хоногт 69 цаг хүртэл ажиллах төлөвлөгөө санал болгосон. Гэсэн хэдий ч үйлдвэрчний эвлэл төдийгүй тус улсын залуучууд хүчтэй эсэргүүцсэн тул засгийн газар шийдвэрээ цуцалж байв.