Азийн физикийн 23 дугаар олимпиад өндөрлөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2023 оны 05 дугаар сарын 21-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан Азийн физикийн 23 дугаар олимпиадын шагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хаалтын ёслолд оролцож үг хэлэв.

Тэрбээр энэхүү нэр хүндтэй олимпиадыг Монгол Улсад зохион байгуулах эрхийг олгосон Азийн физикийн олимпиадын хороонд талархал илэрхийлж, Азийн физикийн олимпиадын оролцогчдод баяр хүргэн амжилт хүслээ.

Оролцогч хүүхдүүдийн оюуны чадавх, онолын мэдлэгийг сорьсон, олон улсын эрдэмтэн багш нарын сонирхлыг татсан онолын болон туршилтын бодлогыг дэвшүүлж чадсан монголын шилдэг физикчид, эрдэмтдэд мөн баяр хүргэв.

Энэ удаагийн олимпиадад нийт 26 багийн 195 сурагч онолын гурав, туршилтын хоёр бодлогоор оюун ухаанаа уралдуулснаас гадна хоёр улс ажиглагчаар оролцсон юм.

Монгол эрдэмтдийн боловсруулсан нийт 50 онооны 5 бодлогыг бодсон эхний гурван сурагчийн дундаж оноо 30, медиан дундаж 21.5 болсон байна. Хамгийн өндөр буюу 33.5 оноог БНХАУ-ын багийн сурагч авчээ.

Олимпиадын байр эзлүүлэх дүрмийн дагуу 21.5 оноог 100 хувь гэж тооцоход БНХАУ, ОХУ-ын багийн бүх сурагч алтан медалийн болзол хангажээ. Мөн зохион байгуулагч Монгол Улсын баг 1 хүрэл медаль хүртлээ.

Азийн физикийн 24 дүгээр олимпиад ирэх жил Малайз Улсад болно.