АНУ-ын бага сургуульд зэвсэгт халдлага гарч зургаан хүн амь үрэгджээ

АНУ-ын Теннесси мужийн Нэшвилл хотын бага сургуульд зэвсэгт этгээд гал нээсний улмаас зургаан хүн амь үрэгдлээ. Амиа алдсан хүмүүсийн гурав нь хүүхэд бөгөөд тэд бүгд есөн настай байжээ.

Хагас автомат буутай нийт гурван ширхэг галт зэвсгээр халдлага үйлдсэн этгээд тус сургуульд өмнө нь сурч байсан 28 настай Одри Хэйл гэгч трансжендер эмэгтэй байжээ. Гэмт этгээд хэргийн газарт цагдаа нарт буудуулж нас барлаа. Энэ үеэр нэг цагдаа шархадсан байна.

Тэрээр халдлага үйлдэхдээ сургуулийн цоожтой хаалгыг буудаж дотогш нэвтэрсэн байна. Халдлагад өртсөн христийн шашны хувийн сургууль нь 200 орчим сурагчтай.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден сургуульд гарсан халдлагатай холбогдуулан галт зэвсгийн хяналтыг чангатгах шинэчлэл хийхийг Конгресст уриаллаа.

Энэ удаагийн зэвсэгт халдлага нь 2023 он гарснаас хойш АНУ-д үйлдэгдсэн 129 дэх халдлагад тооцогдож байгаа аж.