BBC: Путин, Ши Жиньпин нар Украинд энх тайван тогтоох Хятадын төлөвлөгөөг хэлэлцэнэ

Украинд дайн эхэлснээс хойш анх удаагаа БНХАУ-ын дарга Ши Жиньпин өчигдөр ОХУ-ын нийслэл Москва хотод айлчлан очлоо.

Түүнтэй Кремлийн ордонд уулзах үеэрээ ОХУ-ын ерөнхийлөгч Путин өнгөрсөн сард Хятадын талаас дэвшүүлсэн Украинд энх тайван тогтоох 12 зүйлт төлөвлөгөөг хэлэлцэхээ мэдэгджээ.

Баасан гарагт АНУ-ын засаг захиргаа Хятадын талын дэвшүүлсэн төлөвлөгөөг “саатуулах тактик” байж болзошгүйг анхааруулж байв.

“Хятад болон бусад аль ч улс орны дэмжлэгтэй дайныг өөрийн нөхцөлөөр царцаах Оросын тактикийн үйлдэлд дэлхий нийтээрээ хууртаж болохгүй. Украины нутаг дэвсгэрээс Оросын цэргийг гаргахгүйгээр гал зогсоохыг уриалах нь Оросын эзлэн түрэмгийллийг дэмжсэн хэрэг юм” гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хэлсэн байна.

Өнгөрсөн сард Хятадын засгийн газрын дэвшүүлсэн саналд Украинаас Оросын цэргийг гаргах талаар огт дурдаагүй юм. Харин “бүх улс орны газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх”, “талууд ухаалаг, тэвчээртэй байх”, “нөхцөл байдлыг аажмаар намжаах” зэрэг санаануудыг тусгасан байлаа.

Өчигдөр Ши Жиньпинийг угтаж авахдаа Путин “шударга ёсны зарчмуудыг баримталж, улс орон бүрийн аюулгүй байдлын төлөө зүтгэж” буй Хятад улсыг магтсан юм.

Хариуд нь Ши түүнд “Таны хүчирхэг удирдлага дор Орос улс цэцэглэн хөгжих замдаа асар их амжилт гаргасан. Оросын ард түмэн таныг үргэлжлүүлэн тууштай дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ. Айлчлалыг эхлэхээс өмнө Хятадын Ардын Сонинд нийтлэгдсэн өгүүлэлдээ Путин хоёр улс АНУ-ын түрэмгий бодлогод “сөхрөх ёсгүйг” онцолж байв.

Украин эрх баригчид бүх улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх Хятадын саналыг дэмжиж буйгаа илэрхийлдэг. Одоо тэд Володимир Зеленский, Ши Жиньпин нарыг утсаар яриулахаар шаргуу ажиллаж байгаа. Нөгөө талаар Киевийн засгийн газар Хятад, Оросын одоогийн худалдааны харилцаа зэр зэвсгийн дэмжлэг болж өргөжихөөс маш их болгоомжилж буй.

4,300 км урт хуурай газраар хил залгадаг Орос улстай Хятадын эрх баригчид харилцаагаа хэвийн хадгалахыг хичээдэг. Нөгөө талаар Хятадын аварга том эдийн засгийг Орос улс газрын тосоор хангадаг, АНУ-тай сөргөлдөхөд түнш нь болдог юм.

Саяхан Хятадын засгийн газар Саудын Араб, Ираны харилцааг хэвийн болгоход зуучилж чадсан. Үүнтэй нэгэн адил Орос, Украины хооронд энхийн зуучлагч болох зорилготой байгаа нь тодорхой.

Өчигдөр орой Путин хүндэт зочиндоо зоог барих үеэр долоон төрлийн хоолоор үйлчилсэн байна. Хүндэтгэлийн зоогийн үеэр Оросын тал Украинд явуулж буй үйл ажиллагаагаа дэлгэрэнгүй тайлбарлаж магадгүй тухай Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өмнө нь ам алдсан юм.

Талуудын албан ёсны уулзалт өнөөдөр буюу Мягмар гарагт болно.