Бодлогоор өрсөлддөг, авлигаас ангид “Нам” бий болгох эрх зүйн шинэчлэлийг хийнэ

Улсын Их Хурлын хаврын чуулган 03-дугаар сарын 15-ны өдөр эхэлсэн. Энэ чуулганаар авлигын эсрэг тэмцэх багц хуулиуд болон нийгэмд анхаарал татаж буй хэд хэдэн хуулийг хэлэлцэхээр товлосон. Тэгвэл олон нийт, эрдэмтэн судлаач, улс төрчдийн анхаарлын төвд буй “Улс төрийн намын тухай” эл хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

-Таны хувьд “Улс төрийн намын тухай” хуулийн ажлын хэсгийг ахалж ажилласан. Хуульд шинэчлэл хийх шаардлага юунд байсан бэ?

Монголын ардчилалын 30 жилийн түүхийг эргэж харахад эрх зүйн зохицуулалт хамгийн бага сул орсон салбар бол улс төрийн намын орчин байдаг. Улс төрийн намын тухай хууль анх 1990 онд батлагдаж, 2005 онд шинэчлэгдсэн. Үүнээс хойш 18 жилийн хугацаанд уг хуульд өөрчлөлт ороогүй. Энэ хугацаанд улс төрийн намын орчин, улс төр дэх хөрөнгө мөнгөний нөлөө, иргэдийн намд итгэх итгэл гээд олон хүчин зүйл өөрчлөгдсөн.

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 19.1.2.3-дугаар зүйлээр улс төрийн намын эрх зүйн орчныг шинэчлэх гол үндсэн чиглэлийг зааж өгсөн. Үүнд улс төрийн нам бол улсын хэмжээний бодлогын үйл ажиллагаа явуулна, намын санхүүжилт ил тод, нам дотоод ардчилалтай байна. Уг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр даган гарах гол хуулиудын нэг нь “Улс төрийн намын тухай” хууль юм. Хуулийн төслийг өнгөрсөн 2 жил хагасын хугацаанд боловсруулж, гадаад дотоодын экспертүүд, олон улс болон иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачдын хүрээтэй олон судалгаа, хэлэлцүүлэг өрнүүлж, саналуудыг тусгасан.

Мөн Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага, Венецийн комисс зэрэг дэлхий дахины ардчилалын стандартыг тогтоодог гол байгууллагуудаас “Улс төрийн намын тухай хууль”-ийн төсөлд санал зөвлөмжөө өгсөн. Ингээд энэ хаврын чуулганаар хуулийн төслийг хэлэлцэхэд бэлэн болоод байгаа юм.

Улс төрийн намын асуудал гэдэг Монголын ардчилалын том чиглэл учраас улсын үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч Монгол улсын Ерөнхийлөгч эл хуулийн төслийг өргөн барих нь ач холбогдолтой. Тиймээс удахгүй хуулийн төслийг өргөн барина.

-Манай улс олон намын тогтолцоотой, парламентын засаглалтай. Улсын дээд шүүхэд 35 нам бүртгэлтэй байна. Гэвч сүүлийн 30 жилийн хугацаанд МАН, АН засагласан. Энэ нь юутай холбоотой байна вэ. Бусад нам улс төрийн үйл ажиллагаа явуулж чадахгүй байна уу? 

Улс төрийн намын тогтолцоо төлөвших, намын систем бүрэлдэхэд сонгуулийн систем чухал нөлөөтэй. Өнгөрөгч 30 жилийн хугацаанд УИХ-ын найман удаагийн сонгууль хийснээс долоо нь мажоратор системээр явсан. Харин 2012 оны сонгуульд холимог тогтолцоог ашигласан. Мажоратор системийн улс төрийн гол үр нөлөө нь хүчтэй хоёр нам эсвэл намын эвслийг бий болгодог. Тиймээс МАН, АН гэсэн хоёр томоохон улс төрийн хүчин үүсэх нөхцлийг сонгуулийн систем бий болгосон.

Бусад намууд улс төрд идэвхтэй оролцож иргэдийн санал, дэмжлэгийг авахгүй байхад нөлөөлж буй тодорхой шалтгаан байна. Иргэдийн дунд намд итгэх итгэл доогуур байгаа. Нам зөвхөн бүртгэлтэй төдий, бодлогын үйл ажиллагаа явуулдаггүй, нийгэмд гүйцэтгэх үүргээ хангаж чадахгүй байна. Хэн нэгэн компанийн, үүсгэн байгуулагчийн халаасны нам болчихсон. Эрх мэдэл, албан тушаал олж авах гэсэн хүмүүс элсдэг гэх шүүмжлэл манай иргэдийн дунд түгээмэл байгаа нь судалгаагаар харагддаг. Намууд төлөвшөөгүй учраас иргэд өөр олон намд итгэл хүлээлгэж чадахгүй байгаа юм.

Мөн нам үйл ажиллагаагаа явуулахад санхүүжилт тулгамдаж буй бэрхшээл болж байна. Намын гишүүд хэдий татвар төлдөг, ихэнх нам татварыг дүрмээрээ хуульчилсан боловч бодитоор татвараа сайн төлдөг гишүүдтэй нам тун ховор. Тиймээс олон нам "үүсгэн байгуулагч" нэг хүний болон тодорхой нэг компанийн дэмжлэг, санхүүжилтээр явж ирсэн байдаг.

Түүнчлэн намын санхүүжилт нь хаалттай. Намд өгч буй иргэд, аж ахуйн нэгжийн хандив тодорхойгүй. Сонгуулийн үеэр их хэмжээний нэр хаяггүй, эзэн биегүй хандив орж ирдэг. Үүнээс үүдэн улс төрийн намууд авлигын эх үүсвэр болсон, намуудаар дамжуулан мөнгө угаах ажил явдаг гэсэн шүүмжлэл их байна.

-Намын санхүүжилт авлигын үндэс болоод буйг дурдлаа. Тэгвэл уг асуудлыг шинэ хуулийн төслөөр хэрхэн зохицуулах вэ?

Намын санхүүгийн тайлантай холбоотой олон төрлийн зохицуулалтыг тусгасан. Намууд бохир мөнгөнөөс ангид байх ёстой. Мөн гишүүдийнхээ бага дүнтэй татвараас санхүүждэг байх хэрэгтэй. Намд өгч байгаа хувь хүн болон аж ахуй нэгжүүдийн хандивыг хязгаарлах, ил тод болгох шаардлагатай.

-Угтаа хуульд төрөөс намд олгох санхүүжилтийг ил тод, нээлттэй байхаар заасан. Атал нээлттэй бус, зарцуулалтаа олон нийтэд тайлагнадаггүй. Өргөн барих гэж буй “Улс төрийн намын тухай” хуульд үүнийг шийдэх зохицуулалт орж ирсэн үү?

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар нам санхүүжилтээ ил тод болгоогүй. Санхүүжилтэд аудит оруулаагүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх эрх зүйн заалтгүй.

ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ УЛС ТӨРИЙН НАМД САНХҮҮЖИЛТТЭЙ ХОЛБООТОЙ ЯМАР НЭГ ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГЫГ ОНОГДУУЛААГҮЙ.

Тиймээс шинэ хуулийн төсөлдөө улс төрийн намын бүх санхүүжилтийг ил тод байхаар тусгасан. Тодруулбал нам нь жилд хоёр удаа тогтоосон хугацаанд санхүүжилтээ ил тод болгож сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ. Ингэхдээ аудитын байгууллагын дөрвөн жилд гаргасан тайланг хүргүүлнэ. Эргээд тухайн намын хүргүүлсэн тайланд сонгуулийн төв байгууллага хяналт тавьж, хэрвээ санхүүгийн тайланд зөрчил байвал зөрчил арилгах хугацааг намд олгоно.

Тайланд ноцтой буюу санаатайгаар үйлдэгдсэн санхүүгийн зөрчил бий тохиолдолд намд олгож буй төрийн санхүүжилтийг хязгаарлах, зогсоох түүнчлэн уг намын үйл ажиллагааг хоёр жилийн хугацаанд царцаах, идэвхгүй ангилалд оруулах тодорхой санкцуудыг оруулж өгсөн.

Мөн намд өгч байгаа иргэд болон аж ахуй нэгжүүдийн хандив ил тод байна. Нам өөрийн фэйж хуудсаараа зарлана. Намын бүх орлого, зарлага, үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл, УИХ-ын сонгуулиар суудал авсан бол төрөөс авч буй дэмжлэг, түүний зарцуулалт гэх мэт санхүүгийн тайлангийн иж бүрдлийг нэг бүрчлэн зааж тайлагнах ёстой. Намын санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой үйлдэл, зөрчил нь гэмт хэргийн шинж чанартай бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалтуудыг шинээр оруулаад буй.

-Жендерийн асуудлыг хэрхэн тусгасан бэ. Ялангуяа эмэгтэй нэр дэвшигчдэд ямар боломж, бололцоог нээж өгөх вэ?

Ардчилсан тогтолцооны нийгмийн бүлгүүдийн төлөөллийг шийдвэр гаргах үйл ажиллагаанд тэгш оролцуулах шаардлагатай. Тухайлбал залуучууд, эмэгтэйчүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэд буюу бүх шатны удирдах албан тушаалд төлөөлөл нь доогуур байгаа бүлгийг дэмжих заалтуудыг оруулж өгсөн. 2019, 2022 онд Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагаас хуулийн төсөлд удаа дараа зөвлөмж ирүүлсэн.

Ингэхдээ олон улсын жишгээр нэмэлт санхүүжилтийн механизм, хөшүүргүүдийг тусгах нь зөв гэсэн. Энэ хүрээнд намууд дотоод үйл ажиллагаа, шийдвэр гаргах бүтэц, намаас нэр дэвших процессдоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих ёстой. Үүний тулд тухайн намд төрөөс олгож байгаа санхүүжилтийн тодорхой хэсгийг тэдгээрийн оролцоог дэмжихэд зарцуулна. Мөн квотоос илүү нэр дэвшсэн эмэгтэйчүүд, УИХ-д сонгогдсон эмэгтэйчүүдийн тоогоор тухайн намд нэмэлт санхүүжилтийн эх үүсвэрийг олгохоор заасан. Ингэж нийгэмд төлөөлөл нь доогуур бүлгүүдээ дэмжих боломжтой болох юм.

-Улс төрийн намын хөгжлийн чиг хандлага ямар байна вэ? Намын бодлого гадны улс оронд ямар байгааг тодруулахгүй юу?

Улс төрийн намын тухай хуулийн төсөл дээр үндсэндээ сүүлийн гурван парламент дамнан ажиллаж байгаа. Энэ хугацаанд дэлхийн 120 гаруй улсын улс төрийн намын хууль, намын санхүүжилт, сонгуулийн хуулиудыг харьцуулан судалсан. Дэлхий дахинд улс төрийн намын тогтолцооны хоёр үндсэн хэв маяг буй. Эхнийх нь Европын хэв маяг буюу парламентын засаглалтай улс орнуудын улс төрийн намын тогтолцоо. Хоёр дахь нь Ерөнхийлөгчийн засаглалтай улс орнуудын намын тогтолцоо болох Америк маягийн тогтолцоо.

Монгол улс парламент засаглалтай орны хувьд Европ маягийн улс төрийн тогтолцоо ойролцоо буюу улс төрийн намыг дэмждэг, намуудад гарааны болон өрсөлдөөний тэгш нөхцлийг олгодог хувилбар илүү зохимжтой. Ерөнхийлөгчийн засаглалтай улс орнуудын улс төрийн тогтолцоонд намын үүрэг харьцангуй сул, Ерөнхийлөгчийн хувь хүний үүрэг, нөлөө өндөр байдаг. Тиймээс намыг дэмжих парламентад авсан суудлын тоогоор санхүүгийн дэмжлэг үзүүлдэггүй. Харин хувь хүн, хувийн хэвшлийн компанийн хандивт тулгуурладаг. Европын улс орнуудад олон нийтийн тодорхой дэмжлэг авсан намууд тухайн сонгуулийн үр дүнгээр намд олгох төсвийн санхүүжилтийг өндөр байлгадаг.

 Ийм улс орнуудад авлигын түвшин бага байна. Ингэснээр улс төрчид, нам ямар нэгэн компани хуулийн этгээд, хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн нөлөөнд автах боломж доогуур байдаг. Манай улсад Европ маягийн тэр дундаа Герман маягийн улс төрийн намын тогтолцоо, санхүүжилтийн механизмыг нутагшуулбал зохистой гэж үзэж байгаа. Тиймээс Германы улс төрийн тухай хууль, намуудын өрсөлдөөн, сонгуулийн хууль зэргийг судалж өргөн барих хуулийн төсөлдөө тусгаж өгсөн.

Үүний гол онцлох зүйл нь гишүүдийнхээ бага дүнтэй татвараар намууд нь санхүүждэг. Өөрөөр хэлбэл хөрөнгө мөнгөтэй цөөн тооны компани эсвэл хувь хүний нөлөөнөөс ангид байдаг. Нам нь бодлогын нам болж төлөвшдөг. Бодлогоор өрсөлдөж, бодлогоо хэрэгжүүлэхийн тулд иргэдэд улс төрийн боловсрол олгодог, ардчилалын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлдэг. Үүнд зориулж намуудад төрөөс санхүүжилт олгодог механизм юм.

Мөн намууд дэргэдээ бодлогын судалгааны хүрээлэнтэй байдаг. Германы хуулиар сан гэж нэрлэдэг. Энэ сан өсвөр үе, залуучууд, иргэдэд ардчилалын үнэт зүйлийг түгээх, бодлогын судалгаа хийдэг. Ялангуяа сүүлийн үед  дайн, дүрвэгчдийн асуудлаас улбаатайгаар үндсэрхэг үзэл газар авч буй. Үүний эсрэг нийт хүн төрөлхтний үнэт зүйл, ардчилал, хүний эрхийн ойлголтуудыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр Германы намууд маш сайн ажиллаж байна. Энэ механизмыг эл хуулийн төсөлдөө суулгаж байгаа юм.

НАМУУД БОДЛОГЫН НАМ БАЙЖ, БОДЛОГЫН ӨРСӨЛДӨӨН ХИЙХ ЁСТОЙ.

Тэрнээс биш хэн нэгэн улс төрчийн, албан тушаал эрх мэдэлд хүрэх механизм байх ёсгүй. Бодлогын нам төлөвшүүлэх зорилго нь энэ хуулийн төслийн амин чухал сүнс. Энэ чиглэлээр тодорхой заалтууд орсон.

-Улс төрийн намын тухай хуулийн ажлын хэсгийг ахалж ажилласны хувиар хууль батлагдвал ямар үр дүн гарна гэж харж байгаа вэ?

Улсын их хурлаар Улс төрийн намын тухай хууль батлагдвал намууд хуулийн дагуу бүтэц, зохион байгуулалтаа шинэчилнэ. Мөн удирдах дээд байгууллага, төлөөллийн байгууллагууд болон нэгжийнхээ түвшинд жендерийн болон залуучууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог хангах ёстой. Их хурлаа хийдэг болно. Нийгмийн өмнө хариуцлага хүлээнэ. Одоогийн хуулиар намууд улс төрийн үүрэг, хариуцлага хүлээдэггүй.

Шинэ хуулиар намууд төр ард түмний хооронд зуучийн үүрэг гүйцэтгэж, иргэдийн улс төрийн боловсрол, ардчилалын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, улс төрийн алба хаших чадвартай иргэдийг бэлтгэх тодорхой үүргүүдийг хүлээнэ. Мөн нам нь бохир мөнгөний урсгалаас хол байна. Намын дотоод сонгууль болон намаас нэр дэвших бүх үйл явцад гишүүдээсээ мөнгө татах, дэнчин нэхэх зүйл гарахгүй. Намын сонгуульд ажилласныхаа төлөө гишүүдэд урамшуулал, цалин хангамж олгохгүй болно.

 ЦЭВЭР УЛС ТӨРИЙН ҮНЭТ ЗҮЙЛ, НЭГДЭЛ БОЛНО.

Намд элсэн орсон, гишүүн байсныхөө төлөө эрх мэдэлд очдог, тендерт ялдаг байдлыг хязгаарлах хууль болох юм. Тиймээс 30 жилийн алдаа, оноогоо эргэн харж улс төрийн намын тогтолцоо төлөвшүүлэх томоохон алхмыг "Улс төрийн намын тухай" хуулиар хийнэ гэж найдаж байна.

Гэвч зөвхөн улс төрийн намын тухай хуулиар зогсохгүй сонгуулийн хуулийг мөн адил улс төр дэх хөрөнгө, мөнгөний нөлөөг багасгасан бодлогын өрсөлдөөн болгох концевцийн дагуу батлах ёстой. Улс төрийн намын тухай болон сонгуулийн хууль хамтдаа явж Монголын улс төрд шинэчлэлийг авчирна.

Эх сурвалж: Vip76.mn